Хууль зүй дотоод хэргийн яам

A+ R A-

Notice: Undefined variable: this in /homed/mojgov/public_html/libraries/joomla/filter/filterinput.php on line 186

Notice: Undefined variable: this in /homed/mojgov/public_html/libraries/joomla/filter/filterinput.php on line 186

Notice: Undefined variable: this in /homed/mojgov/public_html/libraries/joomla/filter/filterinput.php on line 186

Notice: Undefined variable: this in /homed/mojgov/public_html/libraries/joomla/filter/filterinput.php on line 186

Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх нь

ГАРЧИГ

Бүлэг I. Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх олон улсын болон эрх зүйн тулгуур асуудал

  • Эрх зүйн хамгаалалт ба эрх зүйн туслалцаа: үндсэн ойлголт
  • Эрх зүйн туслалцаа гэрээний эрх зүйн зохицуулалт

Бүлэг II. Иргэний болон эрүүгийн хэргээр эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх

  • Иргэний хэргийн шүүхийн даалгавар гүйцэтгэх асуудал
  • Эрүүгийн хэргээр даалгавар гүйцэтгэх
  • Гэмт этгээдийг хүлээлгэн өгөх асуудал

Бүлэг III. Шүүхийн болон бусад байгууллагын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ба биелүүлэх

  • Шүүхийн шийдвэрийг биелүүлэх ба хүлээн зөвшөөрөх
  • Хөндлөнгийн (Арбитр) шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ба биелүүлэх

Бүлэг I. Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх
олон улсын болон эрх зүйн тулгуур асуудал

1. Эрх зүйн хамгаалалт ба эрх зүйн туслалцаа
Эрх зүйн хамгаалалт. Улс гүрнүүдийн эрх зүйн салбар дахь хамтын ажиллагааны гол зорилгын нэг нь өөрийн улсын иргэн болон хуулийн этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хилийн чанадад хангах асуудал юм. Аливаа улс газар нутгийн зарчмыг үндэслэн өөрийн нутаг дэвсгэрт болсон хэрэг маргааныг шийдвэрлэж болох боловч улс орон дамнасан, өөр улсын эрх ашгийг хөндсөн, гадаадын иргэн, хуулийн этгээд оролцсон, эсхүл гадаад улсын нутаг дэвсгэрт үүссэн хууль зүйн факттай хэрэг маргааныг дангаар шийдвэрлэхэд багагүй бэрхшээл учирдаг. Энэ тохиолдолд улс гүрнүүд нэг талаас өөрийн иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хангах, нөгөө талаас нутаг дэвсгэр дээрээ бусад улсын шүүх эрх мэдлийн эрх ашгийг хангах шаардлагын улмаас эрх зүйн туслалцаа харилцан үзүүлдэг. Эл нөхцөл байдлаас үүдэн эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх явдал нь оролцогч улсуудын хувьд харилцан ашигтай байх, өөрийн эрх ашгийг хангуулахын тулд нөгөө улсын нийтлэг болон иргэний хувийн эрх ашгийг хүндэтгэх зарчим болон тoгтжээ.
Түүх сөхвөл эртний Грек, Ромд хот улсууд үүсэж өөрийн бүрэн эрхт байдлыг зарлаж эхэлсэн тэр үеэс хөрш улсуудын хувьд нэг нь нөгөөгийнхөө бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч дотоод хэрэгт нь оролцохгүй байх олон улсын эрх зүйн анхны заншлын хэм хэмжээ тогтсон байдаг.
Гэтэл хил даван оргосон гэмт этгээд, боолын асуудлыг шийдвэрлэх, гадаад улсад зорчин яваа ихэс дээдэс, худалдаачдынхаа эрх ашгийг хамгаалах зэрэг асуудал босож ирсэн нь эрх зүйн салбарт харилцан биесээ хүлээн зөвшөөрч хамтран ажиллахыг шаардаж эхэлжээ. Анхлан Хеттийн хаан Хеттушил Египетийн Фараон Рамзес II нар олон жилийн дайнаа зогсоох энхийн гэрээ байгуулахдаа оргосон боолыг барьсан тал харъяалах улсад нь хүлээлгэн өгч байхаар хэлэлцэн тохирсон түүхтэй гэдэг . Мөн эртний Грекчүүд эхэндээ хот улс хооронд зорчин явах язгууртан, ноёдод үйлчлэх “Проксени” хэмээх алба байгуулсан нь хожим худалдаа наймаа хөгжихөд чөлөөт иргэдэд үйлчилж арилжаа наймаа эрхлэхэд нь туслалцаа үзүүлдэг институт болон төлөвшсөн байна. Хожим нь далайн тээвэр хөгжсөн газруудад өнөөгийн консулын албаны эх үүсвэр тавигдсан байна . Ийнхүү тусгаар улсууд өөрийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ хөрш орныхоо эрх ашгийг хамгаалж, эргүүлээд өөрийн улсын нийтлэг болон иргэдийнхээ хувийн эрх ашгийг нөгөө улсаар хамгаалуулдаг буюу эрх зүйн туслалцаа харилцан үзүүлдэг жишиг анхлан тогтжээ.
Харин орчин үеийн зах зээлийн харилцааны үндэс суурь бүрэлдсэн XVII-XVIII зууны үеэс Европод гадаадын иргэдийн эрх зүйн байдлын талаарх хандлага үндсээрээ өөрчлөгдсөн байна. Анх цөөн тооны Европын хотуудад гадаад иргэн, үндэсний иргэдийн эрх зүйн байдал адил тэнцүү байхаар хуульчилж эхэлсэн юм. Ийнхүү хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх үзэл санаа бүрэлдэж хөгжсөөр 1948 онд НҮБ-ийн Ерөнхий Ассамблейгаас гаргасан Хүний эрхийн түгээмэл тунхаглалаар баталгаажсан байна. Тэгш эрхийн үзэл санаа олон улсын хамтын нийгэмлэгийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөнөөр эрх зүйн салбар дахь улс гүрнүүдийн хамтын ажиллагаа идэвхжсэн юм. Ингэсэнээр улс гүрнүүдийн тэгш, шударга хамтын ажиллагаа буюу түүнээс улбаалаад иргэн, хуулийн этгээд, оролцогч бүрийн тэгш, шударга оролцоог хангах тухай үзэл санаа олон улсын эрх зүйн хамтын ажиллагаа, харилцан туслалцааны үзэл санааны тулгуур хэм хэмжээ болон тогтоод байна. Өөрөөр хэлбэл, хүн бүр өөрийн иргэний харьяалал, оршин сууж байгаа газраас үл шалтгаалан хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй бөгөөд тодорхой улсын шүүх эрх мэдлийн харьяалалд байгаа бүх этгээдэд тэгш үйлчлэх, гадаадын иргэдийн эрх зүйн байдлыг өөрийн харьяаллын иргэдтэй адил тодорхойлох ёстой гэсэн зарчим тогтжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арваннаймдугаар зүйлийн 18.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэний эрх, үүргийг Монгол Улсын хууль, уул иргэнийг харьяалсан улстай байгуулсан гэрээгээр тогтооно”. 18.2-т Монгол Улсын олон улсын гэрээгээр гадаадын иргэний эрх, үүргийг тодорхойлохдоо уул иргэнийг харьяалсан улстай энэ талаар харилцан адил байх зарчим баримтлана гэж, мөн 18.5-д “Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлд заасан Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг тус улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд эдлүүлэхдээ Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний салшгүй эрхээс бусад эрхийн хувьд үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд хуулиар зохих хязгаарлалт тогтоож болно” гэж тус тус заасан байна. Үндсэн хуулийн эдгээр заалтууд Монгол Улс олон улсын эрх зүйн дэглэмд нэгдсэнийг илтгэж байна.
Монгол Улс анх Бүгд Найрамдах Унгар Улстай 1968 онд “Иргэн, гэр бүл болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулж байсан ба үүнээс хойш хуучнаар социалист орон гэгдэж байсан 10 гаруй орнуудтай эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээг байгуулсан.
Энэ үед эрх зүйн туслалцааны асуудлыг багцаар нь буюу иргэний, гэр бүлийн, хөдөлмөрийн, эрүүгийн хэргийн асуудлуудыг нэгтгэн нэг гэрээнд багтааж зохицуулалтыг хийдэг байжээ. Энэ нь тухайн үеийн социалист системийн орнууд нэгэн загвар гэрээгээр ихэнхдээ эрх зүйн туслалцааны асуудлыг зохицуулдаг байсантай холбоотой юм. Тухайлбал БНУУ-тай байгуулсан 1968 оны гэрээний бүтцийг авч үзвэл: Тус гэрээ нь үндсэн 3 хэсэгтэй бөгөөд 1 дүгээр хэсэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх үндсэн зарчим, харилцах журам, хязгаар, даалгавар дахь баримт бичгийн бүрдүүлбэр зэрэг эрх зүйн туслалцааны үндсэн асуудлуудыг зохицуулсан байдаг бол 2 дугаар хэсэгт иргэний болон гэр бүлийн хэргийн талаархи эрх зүйн туслалцаа үзүүлэх хүрээ, шүүхийн бичиг баримтын бүрдүүлбэрийн талаар, харин 3 дугаар хэсэгт эрүүгийн хэргийн талаар болон эрүүгийн хариуцлагад татах зорилгоор гэмт этгээдийг шилжүүлэх асуудлыг зохицуулсан байдаг.
1990 оноос хойш Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт гарсан өөрчлөлтүүд, шинэ нөхцөл байдалд нийцүүлэн эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний агуулгыг дахин хянах, 1990-ээд оноос өмнө байгуулсан гэрээний зарим зүйл заалтыг өөрчлөн тодруулах шаардлага гарсан. Иймээс 1988 онд ЗСБНХУ-тай байгуулсан эрх зүйн туслалцааны гэрээг шинэчлэн найруулж “Монгол Улс, ОХУ-ын хооронд эрх зүйн туслалцаа үзүүлэх, иргэний ба эрүүгийн хэргийн талаарх эрх зүйн харилцааны тухай Гэрээ”-г 1999 онд, 1971 онд БНПУ-тай байгуулсан “Иргэний ба гэр бүл, эрүүгийн хэргийн талаар эрхийн туслалцаа харилцан үзүүлэх тухай” гэрээг орчин үеийн шаардлагад нийцүүлэн шинэчилж 1998 онд “Монгол Улс, БНПУ-ын хооронд иргэн, гэр бүл, хөдөлмөр, эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэх болон эрх зүйн харилцааны тухай Гэрээ” нэртэйгээр тус тус байгуулсан байна. Түүнчлэн гадаад улс орнуудын нийтлэг хандлагыг харгалзан зарим улстай эрх зүйн туслалцааны гэрээг салбар эрх зүй тус бүр байгуулж байгаа. Тухайлбал Монгол Улс нь БНСУ-тай “Гэмт этгээдийг шилжүүлэн өгөх тухай гэрээ” /1999 онд/, “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ” /1999 онд/, “Ялтан шилжүүлэх тухай гэрээ”-үүдийг /2007 онд/, “Иргэний болон худалдааны хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ” /2008 онд/ тус тус байгуулаад байна.
Одоогийн байдлаар Монгол Улс нь 20 оронтой эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ /иргэний, гэр бүлийн, хөдөлмөрийн, худалдааны, эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай/, 4 оронтой гэмт этгээдийг шилжүүлэх өгөх тухай гэрээ, 2 улстай ялтан шилжүүлэх тухай гэрээтэй байна.

Хамгаалагдах эрхийн хэрэгжилт. Хууль, олон улсын гэрээ болон бусад эрх зүйн актуудад хувь этгээдийн эдлэх эрхийг маш өргөн хүрээгээр тогтоож болно. Гэвч эдгээр баримт бичгүүдэд тухайн эрхийг хэрэгжүүлэх болон хамгаалах журам агуулаагүй бол тэрхүү эрхүүд амьдрал дээр үйлчлэхгүй. Иймээс эрх зүйн актад агуулагдаж буй материаллаг хэм хэмжээ нь процессын хэм хэмжээг дагуулж байх ёстой. Эдгээр процессын хэм хэмжээ нь дээрх эрхүүдийг хэрэгжүүлэх, хамгаалах журмыг агуулахаас гадна зөрчигдсөн эрхийг сэргээх журмыг давхар агуулна.
Тухайн этгээдийн харьяалагдах улсын үндэсний хууль тогтоомж болон эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнүүдэд тухайн этгээдийн эрхийг тогтоосон заалтуудыг агуулна. Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний гол зорилго нь хилийн чанадад байгаа этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрх зүйн аргаар хэрэгжүүлэх болон хамгаалахад оршино. Жишээлбэл, Монгол Улсын иргэн хилийн чанадад байхдаа оршин суугаа улсынхаа шүүхийн байгууллагад нэхэмжлэл гаргах эрхтэй. Нэхэмжлэл гаргах эрхийг нь олон улсын гэрээ ялангуяа эрх зүйн туслалцааны гэрээ болон тухайн улсын дотоодын хууль тогтоомжид заасан байдаг. Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээнд оролцогч улсын шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нь ерөнхий хүрээгээр зохицуулсан байдаг бол бусад нарийвчилсан зохицуулалт /нэхэмжлэлд тавигдах шаардлага, хугацаа, бусад журам/ нь үндэсний хууль тогтоомжид тусгагдсан байдаг.
Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ нь иргэний болон эрүүгийн хэргээр асуудлаар гэсэн хоёр үндсэн хэсэг харилцааг зохицуулна.
Энэ хоёр бүлэг харилцаа нь хувь этгээдийн эрх зүйн хамгаалалт болон түүнийг хэрэгжүүлэх ажиллагаагаараа ялгаатай.
Иргэний, хөдөлмөрийн, аж ахуйн, гэр бүлийн харилцаа нь гол төлөв хувь этгээд /хүн/, хуулийн этгээдийн хооронд үүсдэг. Тухайлбал, гадаадын иргэнтэй гэр бүл болох, гэрлэлтийн, гадаадын компанид ажилд орох гэх мэтийн харилцаа байдаг. Иргэний харилцаанд оролцогчид нь эрх тэгш байх бөгөөд аль нэг тал нь нөгөө талдаа зөвшилцөлгүйгээр үүрэгдсэн шийдвэрийг гаргах эрхгүй. Хувь этгээдийн эрхийн хамгаалалт болон хууль ёсны эрх ашиг, түүний хэрэгжилтийн асуудлаарх хэргүүд зөвхөн түүний санаачилга, түүний үйл ажиллагаанаас шалтгаалан хэрэгжинэ. Мөн эдгээр эрхийн хамгаалалт болон хэрэгжилт нь төрийн хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр хэрэгжинэ. Эдгээр эрх, хууль ёсны ашиг сонирхол гэдэгт гэрээ хэлэлцээр байгуулах, эвлэрлийн хэлэлцээр байгуулах, төрийн болон орон нутгийн байгууллагад хандах, мөн нэг талын үйл ажиллагаа буюу өв залгамжлалд хамрагдах зэрэг багтах бөгөөд эдгээр харилцааг тухайн улсын дотоодын хууль тогтоомжоор нарийвчлан зохицуулсан байдаг. Иргэний, гэр бүлийн, хөдөлмөрийн хэргээр хувь этгээд, хуулийн этгээдийн эрхийн хамгаалалтыг хангах үндсэн арга нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу шүүхийн хамгаалалт хэрэгжинэ. /Хувь этгээд нь нэхэмжлэгчээр тухайн харилцаанд оролцох ба хэрэв түүний эсрэг нэхэмжлэл гаргасан бол хариуцагчаар оролцож болно/. Шүүхийн журмаар хувь этгээдийн эрхийг хамгаалах нь дараахь ажиллагаа багтдаг:

    • Нэхэмжлэл гаргах;
    • Шүүхийн зардлаас чөлөөлөгдөх;
    • Хэлэлцэн тохирогч нэг улсын нутаг дэвсгэр дээр нөгөө улсын тухайн асуудлаар гарсан шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх болон биелүүлэх журам.

Харин эрүүгийн хэрэгт үзүүлэх эрх зүйн туслалцааны асуудал нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нийтлэг эрх ашигт халдсан этгээдэд албадлага хэрэглэхтэй холбоотой асуудлыг зохицуулдаг билээ. Энэ шинжээрээ төр нийтийн ашиг сонирхолын өмнөөс гэм буруутай этгээдтэй тэгш бус харилцаа үүсгэдэг онцлогтой. Эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх олон улсын хамтын ажиллагаа нь энэ утгаараа төрийн байгууллагууд хоорондын харилцааг журамлан зохицуулсан шинжийг агуулдаг. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх хамтын ажиллагаа нь:

  • Нэг улсын эрх бүхий байгууллага, нөгөө улсын эрх бүхий байгууллагаар эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулах
  • Өөр улсын ашиг сонирхолд халдсан этгээдэд хариуцлага хүлээлгэх
  • Нэг улсаас нөгөө улсад гэмт этгээд болон ялтан этгээдийг шилжүүлэн өгөх зэрэг асуудлыг шийдвэрлэхэд зориулагддаг.

Гэхдээ эрх зүйн хамгаалалтын ажиллагаа нь хувь этгээдийн эрх, эрх чөлөөнд төрийн байгууллага хууль бусаар халдахаас хамгаалахад мөн чиглэдэг. Тухайлбал, эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээгээр

  • Холбогдогч этгээдийн гэм буруугүйд тооцох зарчмын баталгаа
  • Эрх зүйн туслалцаа авах эрх
  • Гомдол гаргах эрх, эрх чөлөөг хангасан байдаг.

Эдгээр бүх эрхүүд нь үндэсний хууль тогтоомж, эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээнд тусгалаа олсон байдаг. Гэмт хэрэгт буруутгагдан сэжиглэгдэн шалгагдаж байгаа этгээдийн хувьд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад эдлэх олон янзын эрхүүд байна. Тухайлбал, өмгөөлөгч авах, гэрчийн мэдүүлэг авах гэх мэт.
Эрх зүйн харилцан туслалцааны үндсэн зорилго өөрийн орны иргэдийн эрх ашгийг гадаад улсад хамгаалах явдал болохыг дээр өгүүлсэн. Эл зорилгодоо хүрэх үүднээс аль болохоор тухайн орны иргэнтэй адил тэгш эрхтэй байлгах замаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлдэгийг олон улсын эрх зүйд үндэсний дэглэм эдлүүлэх зарчим гэдэг.
Эрх зүйн туслалцааны гэрээний дагуу Хэлэлцэн тохирогч улсууд харилцан адил байх зарчмын дагуу өөрсдийн иргэддээ үндэсний дэглэм олгуулдаг. Иймд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь эрхийн хамгаалалт нь гадаадын иргэдэд үндэсний дэлгэм эдлүүлэх зарчим дээр тулгуурладаг ба /Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арвандөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн тус улсын хууль тогтоомжоор өөрт нь олгогдсон эрх, эрх чөлөөг Монгол Улсын иргэний нэгэн адил эдэлж, үүрэг хүлээнэ” хэмээн тус тус зааж өгсөн нь /Давхардсан байна/ манай улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, хуулийн этгээд Монгол Улсын шүүхэд хандах, нэхэмжлэл гаргах эрхийг Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулж тэдэнд үндэсний дэглэм эдлүүлэх асуудлыг зохицуулсан байна.
Гадаадын иргэдийн иргэний эрх зүйн ажиллагаан дахь эрхийн чадвар, чадамжийг тухайн иргэний харьяалсан улсын хуулиар чадвар чадамжийг тодорхойлно /Иргэний хуулийн 543.2 дахь хэсэг/. Хэрэв Монгол Улсад байгаа гадаадын иргэн хэд хэдэн улсын харьяалалтай бол түүний байнгын оршин суудаг улсын хуулийг түүний хувийн хууль гэж үзнэ. Харьяалалгүй этгээдийн хувийн хуулийг оршин байгаа улсын хуулийг гэж үзнэ. Гадаадын иргэн, харьяалалгүй этгээд нь Монгол Улсын иргэдийн адилаар шүүхэд хандах эрхтэй бөгөөд мөн хилийн чанад дахь гадаадын төрийн байгууллагаас олгосон бичиг баримтыг шүүхэд ашиглаж болно.
Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу тус иргэн хилийн чанадад байхдаа төрийн хамгаалалтад байна. Түүний хуулиар олгосон эрх, үүрэг нь зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрт олгогдоно. Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэн тухайн улсын шүүх эрх мэдлийн харьяалалд байх бөгөөд тэр улсын үндэсний хууль тогтоомжид захирагдана. Гэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу олгогдсон эрхээ эдэлсээр байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс хилийн чанадад байгаа иргэнийхээ эрхийн хамгаалалтыг тусгай байгууллагаар дамжуулан хэрэгжүүлдэг. Тэрхүү тусгай байгууллага нь Монгол Улсаас гадаад улсад байх Дипломат төлөөлөгчийн газар юм. Үндсэн хуулийн дагуу иргэний эдлэх эрх болон түүний хамгаалалт нь Монгол Улсын төрийн байгууллага, дипломат төлөөлөгчийн газар, албан тушаалтнуудаар дамжуулан Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээний дагуу хэрэгжинэ. Иймд хилийн чанад дахь Монгол Улсын иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндсэн байгууллага нь тухайн улсад байгаа МУ-ын дипломат төлөөлөгчийн байгууллага юм. Хэрэв тухайн гадаад улсад Монгол Улс нь Дипломат төлөөлөгчийн газар байхгүй байгаа бол өөрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахдаа тухай тойрогт суугаа Консулын газар нь зохих үүргийг гүйцэтгэнэ. 1963 оны Консулын харилцааны тухай Венийн конвенцийн дагуу консулын байгууллагын чиг үүргийн жагсаалтад консулын байгууллага өөрийн улсын иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэг багтдаг. Консулын байгууллага нь өөрийн улсын иргэний шүүхэд эрх ашиг сонирхолоо хамгаалж чадахгүй байгаа тохиолдолд төлөөлөн оролцдог.
Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний зүйлд эрх зүйн хамгаалалтын асуудал багтах бөгөөд мөн зарим хөнгөлөлтийг агуулж болдог. 1954 оны иргэний процессын асуудлын тухай Гаагийн конвенцийн 24 дүгээр зүйлийн дагуу харилцан хэлэлцэгч улсууд иргэний бүртгэлийн талаархи мэдээллийг үнэ төлбөргүй авах эрхтэй. Тухайлбал, гэрлэлтийг бүртгүүлэх тухай баримт бичгүүд. Энэ баримт бичгүүдийг консулын газруудаар үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж баталгаажуулна.
Хэлэлцэн тохирогч улсууд үндэсний дэглэмийг харилцан тэгш олгох зарчим дээр тулгуурлан бие биедээ тэгш олгоно.

Эрх зүйн харилцан туслалцааны тухай үндсэн ойлголт. Даяарчлагдаж байгаа өнөө үед Монгол Улсын иргэд хилийн чанадад олноор оршин суух, сурч, хөдөлмөрлөх болсонтой холбоотойгоор Монгол Улс болон Монгол Улсын төрийн байгууллагын хувьд хилийн чанад дахь өөрийн иргэдийг хамгаалах улсын ашиг сонирхолыг хангахын тулд бусад улстай зохих түвшний харилцаа тогтоох шаардлага улам их өсөн нэмэгдсээр байна. Дипломат шугамаар бусад улстай харилцах нь цаг хугацааны хувьд удаашралтайгаас гадна дипломат шугамаар шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх ажиллагааг явуулахад зохимжгүй байдаг. Иймд төрийн холбогдох байгууллагуудтай эрх зүйн туслалцааны гэрээ байгуулах замаар шууд харилцах нь илүү шуурхай, үр дүнд хүргэдэг. Эрх зүйн туслалцааны гэрээ нь хэлэлцэн тохирогч улсуудын эрх бүхий байгууллагуудын хооронд шууд бөгөөд тогтвортой харилцааг тогтоож өгдөг. Гадаад элемент бүхий хэргийн эрх зүйн гол асуудал нь шүүх эрх мэдэлтэй холбоотой асуудал байдаг. Шүүх эрх мэдлийг өргөн утгаар нь засаглал хуваах зарчмын дагуу онцгой эрх мэдлийн нэг гэж ойлгох бол явцуу утгаар нь шүүхийн харьяаллыг ойлгоно. Шүүх эрх мэдлээр шүүх ажиллагаа тухайн улсын нутаг дэвсгэрийн хүрээгээр хязгаарлагддаг. Ингэхдээ өөр улсын нутаг дэвсгэрт процессын ажиллагааг үргэлжлүүлэх шаардлагатай байдаг. Хэрэв бүрэн эрхийн зарчим өөр нэг улсын шүүх эрх мэдлийг гадаад улсын шүүх эрх мэдлээс ангид байх байдлыг хангадаг бол эрх зүйн туслалцаа хүсэх нь тухайн шүүх ажиллагааг үргэлжлүүлэх цорын ганц боломж нь байдаг. Олон улсын практикт гадаад улсын шүүх эрх мэдлийг гүйцэтгэх ажиллагаа нь холбогдох гэрээний зохицуулалтгүйгээр найрсаг харилцаан дээр тулгуурлан явагдаж болох хэдий ч гадаадын шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үүргийг олон улсын гэрээгээр тогтоож, гүйцэтгэлийг нь хангаж өгдөг. Ингэхдээ тухайн гэрээгээр тогтоосон журмын дагуу бүх ажиллагааг явуулна. Шүүхийн ажиллагааг тухайн улсын шүүхийн байгууллага нь зөвхөн өөрийн нутаг дэвсгэр дээр явуулна. Шүүх ажиллагааг гадаад улсын нутаг дэвсгэр дээр явуулах тохиолдолд ажиллагааг анх явуулж байсан улсаас зөвшөөрөл авсан байх ёстой. Иймд шүүх ажиллагааг хилийн чанадад явуулах гол хэрэгсэл нь шүүхийн даалгавар болдог. Улс гүрнүүд олон улсын эрх зүйн үндсэн субьектын хувьд эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ байгуулдаг. Эдгээр гэрээндээ эрх зүйн туслалцааг үзүүлэх хэлэлцэн тохирогч эрх бүхий байгууллагыг тогтоож өгдөг. Зөвхөн гэрээнд тогтоосон байгууллагуудаар дамжуулан эрх зүйн туслалцаа үзүүлэх олон улсын үүргээ улс гүрнүүд хэрэгжүүлдэг. Эдгээр байгууллагуудаар дамжуулан эрх зүйн туслалцаа үзүүлэх даалгавар болон хүсэлтийг дамжуулахын зэрэгцээ мөн эдгээр байгууллага нь өөрийн улсын нутаг дэвсгэр дээр эрх зүйн туслалцаа үзүүлэх, тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулдаг. Харилцан туслалцаа үзүүлэх зохицуулалт нь туслалцаа үзүүлэх субьектуудын хүрээг тогтоож тодорхойлох бөгөөд тэдгээрийн эрх хэмжээг болон туслалцаа үзүүлэх хүрээг тогтооно. Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний зохицуулах зүйл нь эрх зүйн харилцан туслалцаа байхаас гадна үүнийг үзүүлэхтэй холбоотой эрх зүйн харилцаа байна. Эдгээр харилцаа нь хоёр талын хамтран ажиллах байгууллагын эрх мэдэл, эрх хэмжээ болон харилцан хүлээх үүргийг тогтоосон гэрээгээр зохицуулагдана. Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх улс гүрний хамтын ажиллагаа нь олон улсын эрх зүйн салбар дахь хамтын ажиллагааны чухал хэлбэр мөн. Ийм хамтын ажиллагааны гол хэлбэр нь өөрийн иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангах, шүүх эрх мэдлийг үр дүнтэйгээр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний эрх зүйн зохицуулалт:

Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ нь дараахь хэм хэмжээг агуулдаг. Үүнд:
-материаллаг хэм хэмжээ
-процессын хэм хэмжээ
-зөрчилдөөний хэм хэмжээ.

Материаллаг хэм хэмжээ нь иргэн, хуулийн этгээдийн эрх мэдэл, эрх, үүргийг тодорхойлдог хэм хэмжээ юм. Тухайлбал, БНМАУ, БНХАУ-ын хооронд “Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай” 1989 оны гэрээний 8 дугаар зүйлд: “Хэлэлцэн тохирогч хоёр Талын төв байгууллага харилцахдаа англи хэлийг хэрэглэнэ. Түүнчлэн хэлэлцэн тохирогч хоёр тал монгол, хятад, англи хэлээр үйлдсэн хэвлэмэл хуудас хэрэглэж болох бөгөөд түүний загварыг харилцан солилцоно” гэж зааснаар гэрээнд оролцогч 2 талд эрх, үүргийг бий болгосон байна.

Процессын хэм хэмжээ нь иргэн, хуулийн этгээдийн эрх мэдэл, эрх, үүргийг хэрэгжүүлэх журмыг тогтоодог бөгөөд тэдний эрхийг шүүхээр хамгаалах журмыг тогтоосон хэм хэмжээ байна. Жишээ нь: Дээр дурдсан эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний 28 дугаар зүйлд: “Хэлэлцэн тохиролцогч хоёр Тал энэхүү гэрээг хэрэгжүүлэх явцад бэрхшээл тохиолдвол дипломат шугамаар буюу энэхүү Гэрээний 3 дугаар зүйлд заасан төв байгууллагаар дамжуулан харилцаж шийдвэрлэнэ”, “Хэлэлцэн тохирогч хоёр Тал эрүүгийн хэргийн талаар холбогдох этгээдийг шилжүүлэн өгөх, дамжуулан өнгөрүүлэх асуудлыг оролцуулан хоёр Талын эрх зүйн туслалцаа үзүүлэх хэмжээ хязгаарыг өргөжүүлэх болон хоёр Талын эрх бүхий байгууллага эрх зүйн туслалцааны талаархи харилцаанд тус дэмжлэг үзүүлэх асуудлыг дипломат шугамаар зөвлөлдөж болно” гэж тус тус заасан байна.

Зөрчилдөөний хэм хэмжээ нь гэрээ байгуулагч хоёр улсын хооронд үүссэн харилцааг зохицуулах баталгаа болох бөгөөд энэхүү хэм хэмжээ нь өөрөө харилцааг зохицуулдаггүй, зөвхөн хэрхэн зохицуулах зааврыг тогтоож өгсөн байдаг. Тухайлбал Дээр дурдсан эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний 10 дугаар зүйлд: “Даалгавар хүлээн авсан байгууллага түүнийг биелүүлэхдээ өөрийн улсын хууль тогтоомжийг хэрэглэнэ. Даалгавар хүлээн авсан байгууллага өөрийн улсын хууль тогтоомжид харшлахгүй бол даалгавар өгсөн байгууллагын хүсэлтээр тэрхүү улсын байцаан шийтгэх ажиллагааны хэм хэмжээг хэрэглэж болно.” Өөрөөр хэлбэл Хүсэлт хүлээн авсан Тал тухайн харилцааг зохицуулах хууль тогтоомжийг сонгох боломжтой байдаг байна.

Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх нийтлэг гэрээнд дараахь үндсэн асуудлуудыг тусгасан байдаг. Үүнд:

  • Гэрээний дагуу харилцах эрх бүхий байгууллагаа хэлэлцэн тохирогч улсууд тодорхойлох. Учир нь зөвхөн гэрээнд тодорхойлсон эрх бүхий байгууллагаараа дамжуулан эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх хүсэлт, түүний хэрэгжилтийг хангахыг хэлэлцэн тохирогч улсууд бие биенээсээ шаарддаг.
  • Тухайн гэрээний үйлчлэх хүрээ буюу эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх асуудлын хүрээг тодорхойлж өгдөг. Үүнд тухайн гэрээ нь иргэний болон эрүүгийн хэргийн талаар ямар төрлийн туслалцааг харилцан үзүүлэхийг тодорхойлсоныг ойлголж болно. Тухайлбал: Гэрээний дагуу ямар бичиг баримт гардуулах, байцаан шийтгэх ямар ажиллагаа явуулах, ямар ажиллагааг явуулахгүй байх, шүүхийн шийдвэрийг харилцан хүлээн зөвшөөрч биелүүлэх эсэх зэргийг тусгах
  • Эрх зүйн туслалцаа хүссэн хүсэлтэд ямар асуудал тусгасан байхыг тодорхой заах.
  • Эрх зүйн туслалцаа үзүүлсэн тухай хариу мэдэгдэх, эрх зүйн туслалцааг үзүүлэхээс татгалзах үндэслэл, эрх зүйн туслалцааг биелүүлэхтэй холбогдон гарах зардлын асуудал, хүсэлтийг ямар хэл дээр үйлдэж харилцах зэрэг асуудлууд болно.

БҮЛЭГ II. ИРГЭНИЙ БОЛОН ЭРҮҮГИЙН ХЭРГЭЭР
ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ХАРИЛЦАН ҮЗҮҮЛЭХ

Иргэний хэргийн шүүхийн даалгавар гүйцэтгэх асуудал
Шүүхийн даалгавар нь хэлбэрийн болон агуулгын хувьд дотоодын хууль тогтоомжид тусгагдсан, олон улсын хэмжээнд тогтоогдсон тодорхой шаардлагад нийцсэн байх ёстой. Эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай даалгаварт хүсэлтийг хүлээн авах байгууллагын нэр, хүсэлт гаргаж буй байгууллагын нэр, эрх зүйн туслалцаа шаардлагатай байгаа тухай хэргийн нэр, даалгаврын агуулга түүнчлэн уг даалгаврыг гүйцэтгэхэд шаардлагатай бусад мэдээллүүдийг заасан байх ёстой.
Түүнчлэн, талуудын болон тэдгээрийн төлөөлөгчид, гэрчүүдийн овог нэр, тэдгээрийн оршин суугаа буюу оршин байгаа газар, эрхэлсэн ажил, иргэний харьяаллыг тусгасан байх ёстой. Хуулийн этгээдийн хувьд тухайн хуулийн этгээдийн нэр, хаягыг заасан байх ёстой. Бичиг баримт гардуулан өгөх тухай даалгаварт хүлээлгэн өгөх бичиг баримтын нэр болон тухайн бичиг баримтыг хүлээн авагчийн хаягыг тодорхой зааж өгнө. Даалгаврыг бичгийн хэлбэрээр гаргах бөгөөд тухайн гаргаж буй байгууллагын тамга, тэмдгээр баталгаажуулсан байна. Хуулийн этгээдийн хаягыг заах тухай шаардлага бий. Хаяг тодорхой бус тохиолдолд даалгаврыг хүлээн авагч байгууллага нь өөрийн улсын хууль тогтоомжид заасны дагуу шаардлагатай арга хэмжээг авна.
Харилцахдаа тухай улстай байгуулсан эрх зүйн туслалцааны гэрээнд заасан хэлийг хэрэглэнэ. Гэхдээ хүлээн авч байгаа этгээд тухайн баримт бичгийг гэрээнд зааснаас өөр хэл дээр хүлээн авахаас татгалзаагүй тохиолдолд бичиг баримтын орчуулгыг шаардахгүй байж болно.
Иргэний болон аж ахуйн хэргийн талаарх нотлох баримтыг гадаадад цуглуулах тухай эрх зүйн туслалцааны гэрээнд заасны дагуу шүүхийн даалгаварт дараахь зүйлийг тусгасан байна. Үүнд: даалгаврыг Хүлээн авагч эрх бүхий байгууллагын нэр, хэрэв хүсэлт гаргагч байгууллагад тодорхой мэдэгдэж байгаа бол хүсэлтийг хүлээн авагч байгууллагын нэр, талуудын болон тэдгээрийн төлөөлөгчдийн нэр, хаяг, шүүх ажиллагаанд шаардлагатай нотлох баримт, даалгаврыг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээлэл, хүлээж авах шаардлагатай нотлох баримт болон гүйцэтгэх шаардлагатай бусад процессын ажиллагаа. Эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай даалгаврыг гүйцэтгэхдээ тухайн хүсэлтийг хүлээн авч байгаа байгууллага нь өөрийн орны хууль тогтоомжийг хэрэглэнэ. Гэхдээ хүсэлт хүлээн авагч талын дотоодын хууль тогтоомжтой зөрчилдөөгүй тохиолдолд хүсэлт гаргагч талын хүсэлтээр тухайн улсын хууль тогтоомжийг хэрэглэж болно. Монгол Улсын Иргэний хуулийн 540.1 дэх хэсэгт “Шаардлагатай бол шүүх иргэний хэрэг, маргаан шийдвэрлэх буюу иргэний эрх зүйн бусад харилцааг зохицуулахад Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд харшлаагүй гадаад улсын хууль, эрх зүйн болон олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн заншлын хэм хэмжээг хэрэглэж болно” гэж заасан.
Хэрэв хүсэлтийг хүлээн авагч байгууллага нь уг даалгаврыг гүйцэтгэх эрх бүхий байгууллага биш бол зохих эрх бүхий байгууллагад даалгаврыг шилжүүлж, энэ тухайгаа хүсэлт гаргач байгууллагад мэдэгдэнэ. Хэрэв даалгавар биелүүлэх үед хүсэлт гаргагч байгууллага буюу сонирхогч талууд байлцуулах хүсэлт гаргасан бол Хүсэлт хүлээн авагч байгууллага нь даалгавар гүйцэтгэх хугацаа, газрыг мэдэгдэнэ.
Бичиг баримтыг гардуулсан талаар хүлээн авсан этгээд баримт үйлдэж, хүлээлгэж өгсөн байгууллагын тамга, тэмдгийг дарж ажилтны гарын үсгийг зурж баталгаажуулах буюу эсхүл гардуулсан газар, хугацааг заасан тусгай бичиг үйлдэнэ. Хүсэлт хүлээн авагч байгууллага нь даалгаврыг хэрэгжүүлэх талаар авсан арга хэмжээг дууссаны дараа холбогдох бичиг баримтуудыг Хүсэлт гаргагч байгууллагад хүргүүлнэ.
Харин бичиг баримтыг даалгаварт заасан хаягаар гардуулж өгөх боломжгүй бол хүсэлтийг Хүлээн авагч байгууллага нь хаяг тогтоох шаардлагатай бүхий л арга хэмжээг авна. Хэрэв хаяг тогтоох боломжгүй бол энэ тухай Хүсэлт гаргасан байгууллагад мэдэгдэж, бичиг баримтыг буцаана. Хэрэв даалгавар биелүүлэхэд хүндрэл бэрхшээл гарсан бол нөхцөл байдлын талаар Хүсэлт гаргагч талд мэдэгдэж бичиг баримтуудыг буцаана.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 194 дүгээр зүйлд зааснаар Монгол Улсын шүүх нь процессын тодорхой ажиллагаа тухайлбал, мэдэгдэл болон бусад баримт бичгийг гардуулах, талуудаас тайлбар, гэрчээс мэдүүлэг авах, шинжээчийн дүгнэлт гаргуулах, үзлэг хийх болон бусад ажиллагаа явуулах тухай гадаад орны шүүхийн даалгаврыг Монгол Улсын хууль тогтоомж, гадаад улстай байгуулсан буюу Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээгээр тодорхойлогдохоор заасан.
Мөн хуулийн 189.2 дахь хэсэг, 190 дүгээр зүйлд олон улсын иргэний эрх зүйн холбогдолтой иргэний хэргийг Монгол Улсын шүүх өөрийн харьяалалд хамааруулан хянан шийдвэрлэх талаар заасан байдаг.
Гэхдээ эрх зүйн туслалцаа үзүүлэх нь Хүсэлт хүлээн авагч улсын хууль тогтоомжийг зөрчихөөр байвал эсхүл улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалд аюул учруулахаар бол тухайн эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай хүсэлтээс бүрэн буюу хэсэгчлэн татгалзаж болно. “Нийтийн журмын тухай тайлбар” гэж нэрлэдэг энэхүү журмыг олон улсын практикт өргөнөөр хэрэглэдэг. Хүсэлт хүлээн авагч улсын хууль тогтоомжийг зөрчих гэдэгт тодорхой нэг зохицуулалтад нийцэхгүй байх биш, харин тухайн хууль тогтоомжийн үндсэн зарчимд нийцэхгүй байхыг ойлгодог. Эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай хүсэлтийг хангахаас татгалзсан тохиолдолд татгалзсан шалтгааны талаар Хүсэлт гаргагч талд нэн даруй мэдэгдэнэ.
Монгол Улсаас гадаад улс орнуудтай байгуулсан иргэний хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээнд даалгаврыг хүлээн, явуулах асуудлаар харилцах эрх бүхий төв байгууллага нь гол төлөв Улсын дээд шүүх, Хууль зүй, дотоод хэргийн яам байдаг.
Эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээнд зааснаар өөр улсын шүүхэд дуудагдаж буй шинжээч, гэрчүүдэд халдашгүй дархан байх баталгааг олгодог.
Иргэний хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай асуудлыг улс орнууд олон талт, хоёр талт гэрээнүүдийн дагуу зохицуулахаас гадна дипломат шугамаар гүйцэтгэх боломж бий. Иргэний хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай асуудлыг 1954 онд Нидерланд Улсын Гаага хотноо гарын үсэг зурсан “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай Конвенци”-д тодорхой зохицуулсан. Энэхүү Конвенцид Хүсэлт гаргагч Тал нь өөрийн улсын Консулаар дамжуулан Хүсэлт хүлээн авагч Талд иргэний хэргийн талаарх эрх зүйн туслалцааны хүсэлтийг тавихаар зохицуулж өгчээ. Энэ нь хоёр талт гэрээг хоорондоо байгуулаагүй байгаа тус конвенцийн гишүүн орнууд конвенцийг удирдлага болгон иргэний хэргийн асуудлаар эрх зүйн туслалцааг бие биедээ үзүүлж болох боломжийг олгосноороо чухал юм. Монгол Улс энэхүү Конвенцид 1992 онд нэгдэн орсноор иргэний хэргийн талаар эрх зүйн туслалцааны хоёр талт гэрээ байгуулаагүй байгаа улс орнуудтай хамтран ажиллаж, өөрийн орны иргэдийн эрх ашгийг бусад оронд хамгаалах, иргэний хэргийн талаархи эрх зүйн туслалцааг үзүүлэх хууль зүйн үндсийг бататгаж өгсөн гэж үздэг. Даалгаврыг биелүүлэхтэй холбогдон гарах зардлыг хүсэлт Хүлээн авагч Тал хариуцах ерөнхий зарчим байдаг боловч гэрээнд заасан зарим нөхцлийн дагуу Хүсэлт хүлээн авагч Талаас Хүсэлт гаргагч Талд зарим зардлыг төлүүлэхээр нэхэмжилж болно. Тухайлбал: шинжээчийн зардал, эрх бүхий албан тушаалтныг байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулсан зардал, тусгай ажиллагаа явуулсан зардал гэх мэт.

Даалгавар нь бүхэлдээ, Хүсэлт гаргагч Талаас, Хүсэлт хүлээн авагч Талд чухам ямар асуудлаар туслалцаа хүсэж байгааг илэрхийлэх гол эх сурвалж болох тул гадаад улсад илгээх даалгавар нь агуулга, хэлбэрийн хувьд гэрээнд заасан шаардлагыг хангасан, дагалдах материалыг бүрэн бүрдүүлсэн, Хүсэлт хүлээн авагч Талын хууль сахиулах байгууллагаас хүсэж буй туслалцааг тодорхой илэрхийлсэн, эрх зүйн туслалцаа үзүүлэхэд нөгөө талд шаардагдах мэдээллийг бүрэн тусгасан байх шаардлагатай байдгийг анхаарах хэрэгтэй. Гэрээнд заасан шаардлагыг бүрэн хангасан даалгаврыг Хүсэлт хүлээн авагч Тал биелүүлэхэд хялбар, цаг хугацааны хувьд ч хурдан байдгийг анхаарах хэрэгтэй. /Шаардлага хангаагүй даалгаврыг Хүсэлт гаргагч Талд буцаадаг учраас хугацаа их алддаг/

Иргэний хэргийн талаар улсууд хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд дараахь хэлбэрээр эрх зүйн туслалцааг харилцан үзүүлж байна.

1. Бичиг баримт гардуулах, мэдээлэл тогтоох хүрээнд:
Бичиг баримт үйлдэх, илгээх, шүүхийн шийдвэрийг гардуулж өгөх. Тодорхой этгээдэд даалгавар өгсөн байгууллагаас ирүүлсэн бичиг баримтыг хүлээлгэн өгөхдөө тухайн этгээд бичиг баримтыг хүлээн авсныг нотлосон гарын үсэг зуруулж, бичиг баримтыг хүлээн авсан огноог тэмдэглэн уг баримтыг даалгавар өгсөн байгууллагад илгээнэ. Даалгаварт дурдсан хаягаар бичиг гардуулан өгч чадаагүй тохиолдолд уг этгээдийн хаягийг тогтоох арга хэмжээ авах ёстой. Харин хаяг нь тогтоогдохгүй тохиолдолд энэ талаархи эрх бүхий байгууллагаас гаргасан албан бичгийг гардуулж өгөх ёстой баримт бичгийн хамт эргүүлэн илгээнэ.
Хаяг болон бусад мэдээллийг тогтоох. Гэрээ байгуулсан улсын хүсэлтээр өөрийн нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа этгээдийн оршин суугаа хаяг болон бусад мэдээллийг тогтоож өгөх ажиллагаа явуулдаг. Бусад мэдээлэл гэдэгт эрхэлж буй ажил, гэр бүлийн байдал, оршин сууж буй хугацаа, визийн ангилал гэхчилэн хүсэлт гаргасан улсын тухайлан тодруулж өгөхийг хүссэн мэдээллийг ойлгоно.
Гадаад улсын шүүхэд гэрч, шинжээчээр дуудагдсан этгээдэд шүүхэд дуудах хуудсыг гардуулах. Хэлэлцэн тохирогч нэг Талын нутаг дэвсгэр дээр шүүх ажиллагаа явуулах буюу урьдчилсан мөрдөн байцаалтад Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэр дээр байгаа гэрч буюу шинжээчийг биеэр байлцуулах шаардлага гарвал гэрч буюу шинжээчийг дуудах хүсэлтийг гардуулах ажиллагаа хийнэ.
2. Иргэний эрх, эрх зүйн чадамж, хувийн эрхийг тогтоох хүрээнд:
Иргэний эрх олох, үүрэг бий болгох чадвар болон хуулийн этгээдийн эрхийн чадварыг тодорхойлох. Энэхүү асуудлыг аль улсын хуулиар тодорхойлох тухай асуудлыг хэлэлцэн тохирогч талууд гэрээндээ тусгах шаардлагатай байдаг. Иргэний эрх олох, үүрэг бий болгох чадварыг уг иргэн харьяат байгаа улсын хууль тогтоомжоор тодорхойлдог.
Иргэнийг сураггүй алга болсон буюу нас барсанд тооцох, нас барсан үйл баримтыг тогтоох. Иргэнийг сураггүй алга болсон буюу нас барсанд тооцох, нас барсан үйл баримтыг тогтоох тухай хэргийг сүүлчийн мэдээ баримтаар уг иргэн амьд ахуй цагтаа харьяат байсан улсын эрх бүхий байгууллага шийдвэрлэдэг боловч Хэлэлцэн тохирогч нэг Талын хуулийн байгууллага, Хэлэлцэн тохирогч нөгөө Талын иргэнийг сураггүй алга болсон буюу нас барсныг зарлах, түүнчлэн нас барсан үйл баримтыг тогтоох асуудлыг өөрийн нутаг дэвсгэр дээр оршин сууж байгаа бөгөөд эрх, ашиг сонирхол нь Хэлэлцэн тохирогч Талын хууль тогтоомжид үндэслэсэн этгээдийн хүсэлтээр шийдвэрлэж болох ба энэ тухайгаа нөгөө талдаа мэдэгдэнэ.

  1. Гэр бүлийн асуудлын хүрээнд

Гэрлэх, гэрлэгсдийн хувийн болон эд хөрөнгийн эрхийн харилцааг тодорхойлох, гэрлэлтийг цуцлах, хүчингүй болгох. Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээний дагуу хэлэлцэн тохирогч улсууд нь гэр бүлийн хэргийн хүрээнд өөрсдийн харьяат иргэдтэй холбогдох гэрлэлтийн баталгаа гаргуулах, гэрлэгсдийн хувийн болон эд хөрөнгийн эрхийн талаар лавлагаа гаргуулах, гэрлэлтийг цуцалсан тухай шүүхийн шийдвэрийг гардуулах, хүчингүй болгосон тухай мэдэгдэх өргөн хэмжээний арга хэмжээ авдаг.
Эцэг, эх, хүүхдийн эрхийн харилцаа, хүүхэд үрчлэлтийн асуудлаар. Хүүхдийн эцэг тогтоох, эцэг, эхээс хүүхдийн тэтгэвэр гаргуулах, насанд хүрсэн хүүхдээс эцэг, эхдээ төлөх тэтгэврийн тухай хэргийг шийдвэрлэхэд тодорхойлох хууль тогтоомжийн талаар хэлэлцэн тохирогч улсууд гэрээндээ тусгах шаардлагтай ба Хэлэлцэн тохирогч нөгөө Талаас ирүүлсэн шүүхийн даалгаврын дагуу холбогдох лавлагаа, мэдээлэл гаргах, гэрч, шинжээчийг томилох асуудлыг хийж гүйцэтгэдэг.
Асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоох асуудлаар. Хүсэлт хүлээн авагч Талын нутаг дэвсгэр дээр амьдарч буй хүсэлт гаргагч Талын иргэнд асран хамгаалагч, харгалзан дэмжигч байнга болон түр томилох шаардлагатай асуудлыг хэлэлцэн тохирогч талууд гэрээнд заасан нөхцлийн дагуу биелүүлдэг.

  1. Өмчлөх эрх, өв залгамжлалын хүрээнд

Өмчлөх болон өв залгамжлах эрхийг тодорхойлох, гэрээслэлийг тогтоох асуудлаар. Үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг тодорхойлох, өвлүүлэх, өв залгамжлах эрхийг тогтоох, гэрээслэл хийх буюу хүчингүйд тооцох, өв залгамжлалын хэргээс үүссэн маргааныг шийдвэрлэхэд хэлэлцэн тохирогч талууд гэрээний дагуу хамтран ажилладаг.

Эрүүгийн хэргээр даалгавар гүйцэтгэх
Гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх олон улсын хамтын ажиллагааны чухал хэлбэр бол Эрүүгийн хэргээр эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх асуудал юм. Эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх асуудлыг олон улсын түвшинд хоёр талт, олон талт гэрээгээр зохицуулахын сацуу дипомат шугамаар хүсэлт тавих боломж бас байдаг.
Олон талт олон улсын гэрээ тухайлбал, Авлигын эсрэг НҮБ-ын Конвенци болон Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын /Палермогийн/ Конвенц түүний нэмэлт 3 протоколыг дурдаж болно. Энэхүү хоёр конвенцид Монгол Улс нэгдэн орсон. Конвенцид заасны дагуу гишүүн орнууд авлига, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх асуудлаар өөрсдийн холбогдох байгууллагаараа дамжуулан эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх салбарт хамтран ажиллах боломжтой болсон. Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын /Палермогийн/ Конвенцид хуулийн этгээдийн хүлээх хариуцлага, албадлагын арга хэмжээ авах, хэрэг хянан шийдвэрлэх эрх, гэмт этгээдийг шилжүүлэх, эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, хамтарсан мөрдөн байцаалт явуулах аргуудын талаар, гэмт хэргийн гэрч, хохирогчийг хамгаалах, хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагаа, техникийн туслалцаа үзүүлэх зэрэг асуудлыг тусгагдсан.
Хоёр талын олон улсын гэрээ тухайлбал, Монгол Улс, Оросын холбооны улсын хооронд эрх зүйн туслалцаа үзүүлэх, иргэний ба эрүүгийн хэргийн талаархи эрх зүйн харилцааны тухай гэрээ (1999 он), Гэмт этгээдийг шилжүүлэн өгөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын гэрээ (1997 он), Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хооронд эрүүгийн хэргийн талаархи эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ (2001 он) гэх зэрэг нийт 15 улстай Монгол Улс энэ төрлийн гэрээг байгууллаад байна. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 398 дугаар зүйлд байцаан шийтгэх ажиллагаа явуулах тухай даалгаврыг гадаад улсын эрх бүхий байгууллагад явуулж болох тухай заасан бөгөөд энэхүү харилцааг эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх болон олон улсын бусад гэрээ, хэлэлцээрийн дагуу гүйцэтгэнэ гэж заасан байдаг.
Эрүүгийн хэргийн эрх зүйн туслалцааны хүсэлт нь дараахь нийтлэг шаардлагуудыг хангасан байвал зохино. Үүнд:

  • Хүсэлт гаргасан байгууллагын нэр;
  • Хүсэлт хүлээн авсан байгууллагын нэр;
  • Эрх зүйн туслалцаа үзүүлэх хэргийн нэр;
  • Хүсэлтэд дурдсан сэжигтэн, яллагдагч буюу ялтан, гэрч хохирогчийн овог, нэр, тэдний байнга буюу түр оршин суугаа газар, иргэний харьяалал, эрхэлдэг ажил боломжтой бол тэдгээрийн төрсөн он, сар, өдөр;
  • Хүсэлт гаргасан зорилго, гэмт хэрэгт тооцох баримт материал болон гэмт хэргийн тухай мэдээлэл ;
  • Эрүүгийн хэргийн талаар, түүнчлэн үйлдэгдсэн гэмт хэргийн талаарх нэмэлт тодорхойлолт, түүний хуулийн зүйлчлэл, хэрэв уг хэргийн улмаас хохирол учирсан бол учруулсан хохиролын хэмжээ зэргийг тусгасан байхыг эн тэргүүнд шаардана.

Хүсэлт нь огноо, гарын үсэг, тамга тэмдэгтэй албан ёсны баримт бичиг байх бөгөөд хүсэлтийг өөрийн улсын албан ёсны хэл дээр үйлдэж Хүлээн авагч улсын хэл дээр эсхүл хоёр орны хооронд байгуулсан гэрээнд заасан хэл дээрх орчуулагыг хавсаргаж хүргүүлнэ. Ихэнх гэрээнд оролцогч улсууд ихэвчлэн өөрийн орны албан ёсны хэл дээр орчуулгыг хийх тухай заасан байдаг. Хүсэлтийг тухайн улстай байгуулсан гэрээнд заасан харилцах төв байгууллагаар дамжуулан Хүсэлт хүлээн авагч Талд илгээдэг. Хүсэлтийг Хүлээн авагч тал биелүүлэх талаар шаардлагатай бүх арга хэмжээг авна. Хүсэлт хүлээн авагч Тал нь хүсэлтийг биелүүлсэн тухай бичиг баримтыг Хүсэлт гаргагч Талд илгээх бөгөөд хэрэв эрх зүйн туслалцааг үзүүлж чадаагүй, биелүүлэхэд хүндрэл учирсан бол нөхцөл байдлын талаархи тайлбарыг буцаах бичиг баримтад хавсарган хүргүүлэх үүрэгтэй. Харин Хүлээн авагч тал эрх зүйн туслалцаа үзүүлэх нь өөрийн орны бүрэн эрхт байдал, нийгмийн хэв журамд хохирол учруулахаар байна гэж үзвэл эрх зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзаж болно. Гэхдээ татгалзсан шалтгааныг Хүсэлт гаргасан талд мэдэгдэнэ.
Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай хүсэлтийг биелүүлэхдээ Хүсэлт хүлээн авсан улс өөрийн орны хууль тогтоомжийг баримтлах бөгөөд Хүсэлт гаргагч талын хүсэлтээр (хэрэв дотоодын хууль тогтоомжтой нь зөрчилдөхгүй бол) тухай орны процессын хэм хэмжээг хэрэглэж болдог. Иймээс хүсэлт гаргахын өмнө тухайн улстай байгуулсан эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээнд Хүлээн авагч Тал нь Хүсэлт гаргагч Талын хууль тогтоомжийг хэрэглэж болох эсэх, хүсэлт /даалгавар/-ийг гүйцэтгэхэд аль улсын хууль тогтоомжийг ашиглах талаар заасан эсэхийг судалбал зохино.
Хэрэв Хүсэлт хүлээн авагч байгууллага уг хүсэлтийг гүйцэтгэх эрх бүхий байгууллага биш бол холбогдох байгууллагад нь хүсэлтийг шилжүүлж энэ тухайгаа Хүсэлт гаргасан байгууллагад мэдэгдэнэ.
Хэрэв даалгаварт холбогдогч этгээдийн хаяг тодорхойгүй байвал хүлээн авагч байгууллага уг этгээдийн хаягийг тогтоохтой холбоотой шаардлагатай бүх арга хэмжээг авах ёстой.
Хүсэлтийг биелүүлэхтэй холбогдон гарах зардлыг хүсэлт Хүлээн авагч Тал хариуцдаг нийтлэг зарчим байдаг бөгөөд гэрээнд заасан зарим нөхцлийн дагуу Хүсэлт хүлээн авагч Талаас Хүсэлт гаргагч Талд зарим зардлыг төлүүлэхээр нэхэмжилж болно. Тухайлбал, гэрч, шинжээчийн зардал, тусгай ажиллагаа явуулсан зардал гэх мэт.
Хоёр талт гэрээний хүрээнд дараахь асуудлаар эрх зүйн туслалцааг харилцан үзүүлж байна.

  • Бичиг баримт үйлдэх, илгээх, гардуулж өгөх. Тодорхой этгээдэд

Хүсэлт гаргасан байгууллагаас ирүүлсэн бичиг баримтыг хүлээлгэн өгөхдөө тухайн этгээд бичиг баримтыг хүлээн авсныг нотлосон гарын үсэг зуруулж, бичиг баримтыг хүлээн авсан огноог тэмдэглэн уг баримтыг Хүсэлт гаргасан байгууллагад илгээнэ. Хүсэлтэд дурдсан хаягаар бичиг гардуулан өгөх боломжгүй тохиолдолд уг этгээдийн хаягийг тогтоох арга хэмжээ авах ёстой. Харин хаяг нь тогтоогдохгүй тохиолдолд энэ талаар мэдэгдсэн бичгийг гардуулж өгөх ёстой баримт бичгийн хамт эргүүлэн илгээнэ.

  • Хаяг болон бусад мэдээллийг тогтоох. Гэрээ байгуулсан улсын

хүсэлтээр өөрийн нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа этгээдийн оршин суугаа хаяг болон бусад мэдээллийг тогтоож өгөх ажиллагаа явуулдаг. Бусад мэдээлэл гэдэгт эрхэлж буй ажил, гэр бүлийн байдал, оршин сууж буй хугацаа, визийн ангилал гэхчилэн хүсэлт гаргасан улсын тухайлан тодруулж өгөхийг хүссэн мэдээллийг ойлгоно.

  • Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулах. Даалгавар өгч буй

улсын шаардлагыг биелүүлэхээр улс гүрнүүд өөрийн орны хууль тогтоомжийн дагуу даалгавар өгсөн орны нутаг дэвсгэрт үйлдэгдсэн байж болох гэмт хэргийн сэжигтэнтэй холбогдуулан эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг явуулдаг. Уг хэргийн сэжигтэн нь даалгавар хүлээн авсан орны иргэн ч байж болно. Уг ажиллагаа нь сэжигтэний овог нэр, иргэний харъяалал болон тухайн этгээдийн үйлдэл, хэрэгт ач холбогдолтой бусад нөхцөл байдлыг тогтооход чиглэнэ. Түүнчлэн хохирогчоор тогтоох, хохирогчоос мэдүүлэг авах, учруулсан гэм хор, хохиролын хэмжээг тодорхойлох зэрэг ажиллагааг хийнэ.

  • Гэмт этгээдийг шилжүүлэн өгөх зорилгоор цагдан хорих. Уг

таслан сэргийлэх арга хэмжээг даалгавар хүлээн авагч улс дотоодын хууль тогтоомжид заасан журмын дагуу гүйцэтгэнэ. Хэлэлцэн тохирогч талууд нь эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээндээ цагдан хорих зорилго, шилжүүлэх үүрэг, цагдан хорих, шилжүүлэхээс татгалзах үндэслэл, шилжүүлэхийг хойшлуулах талаар тодорхой заасан байхыг шаардана.
Олон талт гэрээний дагуу хэдийгээр аль нэг улсад шилжүүлэн өгөхгүй боловч түүний гадаад улсад үйлдсэн гэмт хэрэгт нь олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу дотоодын хууль тогтоомжоор эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэрэгт холбогдуулан цагдан хорьж болно. Шилжүүлэн өгөх зорилгоор цагдан хорих даалгавар авсан орон уг даалгаврыг биелүүлсэн даруйдаа энэ тухайгаа даалгавар өгсөн улсад мэдэгдэнэ.
Даалгавар өгсөн орны шаардлагаас үүдэн шилжүүлэн өгөх тухай хүсэлт, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах даалгавартайгаа заавал нэгтгэгдсэн байх албагүй. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг шуурхай явуулах үүднээс шуудан, телеграф болон факсаар цагдан хорих даалгаварыг мэдэгдэж болох ба энэ тохиолдолд урьдчилан мэдэгдсэн даалгаврын дугаарыг дурдаж, хожим нь уг этгээдийг шилжүүлэн өгөх тухай хүсэлтийг тусгасан даалгаварын эх хувийг хүргүүлэх ёстой. Хэрэв хүсэлтийн дагуу цагдан хорьсон боловч түүнийг нь биелүүлсэнээс хойш гэрээнд заасан хугацаанд /ихэнхдээ 1 сар байдаг/ уг этгээдийг шилжүүлэн өгөх тухай хүсэлт албан ёсоор ирүүлээгүй бол даалгаврын дагуу баривчлагдсан этгээдийг сулладаг ба гэхдээ Хүсэлт гаргач талын хүсэлтээр цагдан хорих хугацааг сунгаж болдог байна /ихэнхдээ 15 хоног байдаг/.

  • Нэгжлэг хийх, эд хөрөнгө хураах. Мөрдөн байцаалтын ажиллагааг

хэрэгжүүлэхийн тулд даалгавар хүлээн авсан улсын эрх бүхий байгууллагаас өөрийн орны хууль тогтоомжид заасан журмын дагуу эл ажиллагааг явуулна. Хэрэв даалгавар өгөгч улс өөр улсаас бичиг баримт, дуу, дүрс бичлэг болон бусад нотлох баримтыг авах шаардлагатай бол энэ тухайгаа даалгаварт нэг бүрчлэн бичиж тэдгээрийн байгаа газар, шинж тэмдэг зэргийг нарийн тусган ирүүлэхийг шаардана.

  • Шинжилгээ хийх. Даалгавар хүлээн авагч тал шинжилгээ хийхийн тулд

өөрийн улсын холбогдох байгууллагаас зохих журмын дагуу зөвшөөрөл авсан байхыг шаардана. Шинжилгээ хийлгэхээр даалгавар өгөгч тал шинжээчид тавих асуулт болон өөрийг нь төлөөлөн шинжээч томилох эрхийг шилжүүлсэн баримтыг ирүүлэх ёстой.

  • Эд мөрийн нотлох баримт шилжүүлэх. Гэмт хэрэг үйлдэхэд

ашигласан зэвсэг хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, гэмт хэрэг үйлдсэний шан болгож эд зүйлийг хураан авах зорилгоор ийм эд зүйлсийг шилжүүлэн өгөх даалгавар үйлдэнэ. Эдгээр эд зүйлийг зөвхөн эрүүгийн хэргийг нотлоход ашиглах бол эрүүгийн хэргийг шийдвэрлэх хүртэл түр шилжүүлэн аваад хэргийг шийдвэрлэж дууссаны дараа нөгөө улсад буцааж хүлээлгэн өгч бас болно.

  • Гэрч, шинжээч, сэжигтэн, яллагдагч болон бусад этгээдийг байцаах.
    Бусад төрлийн Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахтай нэгэн адил үндэслэл, журмыг баримтлан энэ ажиллагааг явуулна. Ингэхдээ эдгээр этгээдийг байцаалтад дуудах үндэслэл нь нөгөө улсаас ирүүлсэн даалгавар байдаг. Даалгаварт байцаалгах хүсэлтэй этгээдийн овог нэр, хаяг, утас, холбоо дамжуулан тогтоож болох хүний тухай мэдээлэл зэргийг тусгасан байна. Хэлэлцэн тохирогч улсууд нь эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээндээ дээрхи этгээдүүдийг байцаах үеийн эрх зүйн хамгаалалт болон байцаалтын дагуу олж авсан мэдээллийн нууцыг хадгалах талаар тодорхой тусгасан байх ёстой.
  • Эрх зүйн асуудлаар мэдээлэл солилцох. Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд нь өөр хоорондоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж, тэдгээрийг хэрэглэх практикийн талаар харилцан мэдээлэх үүрэгтэй.

Гэмт этгээдийг шилжүүлэн өгөх асуудал
Гэмт этгээдийг шилжүүлэх нь Хүсэлт хүлээн авагч Талын нутаг дээр байгаа, гэмт хэрэг үйлдсэнийхээ төлөө мөрдөгдөж байгаа болон шүүн таслах ажиллагаанаас оргосон этгээдийг Хүсэлт гаргагч Талд хүлээлгэн өгөх ажиллагаа юм. Гэмт этгээдийг шилжүүлэх үйл ажиллагаа маш няхуур хийгдэх ёстой. Учир нь шилжүүлэн өгөх ажиллагаа нь хүний эрхэнд халдаж баривчлах, албадлага хэрэглэхийг шаарддаг.
Юуны өмнө гэмт этгээдийг шилжүүлэн өгөхдөө хэд хэдэн зүйлийг анхаарах ёстой. Дараахь тохиолдолд шилжүүлэн өгөхгүй.
1. Аливаа улс өөрийн улсын иргэнийг гадаад улсад шилжүүлэн өгдөггүй . Ийм учраас гадаад улсын иргэнийг шилжүүлэн өгөхийг шаардсан даалгавар өгч болохгүй. Харин ийнхүү иргэний харъяаллын улмаас тухайн хүнийг шилжүүлэн өгөх боломжгүй тохиолдолд “шилжүүлэн өгөх эс бол шүүхээр шийтгэх” гэсэн зарчмыг баримтлан ажиллах шаардлагатай. Хүсэлт хүлээн авсан улс иргэний харъяаллын улмаас уг хүнийг шилжүүлэн өгөх боломжгүй бол тэрээр өөрийн улсын хуулийн дагуу шүүхээр шийтгүүлэх зорилгоор хүсэлт гаргаж буй улсад холбогдох хэргийн материал, мэдээлэл, нотлох баримтыг ирүүлэх шаардлага тавина. Энэ шаардлагын дагуу холбогдох материалыг хүлээн авч шийдвэрлэсэн бол Шүүн таслах ажиллагааны шийдвэр буюу уг хэргийн талаар гаргасан шийдвэрээ хүсэлт гаргасан талд мэдэгдэнэ.
2. Гэмт этгээдийг хүлээн авах хүсэлт гаргасан улс нь уг этгээдийг үндэсний, арьсны үзлээр, угсаатны шалтгаанаар, эсхүл улс төрийн шалтгаанаар шийтгэх зорилготой хэмээн үзэх үндэслэл байвал мөн шилжүүлэн өгөхгүй ;
3. Шилжүүлэн авах хүсэлтэд дурдсан гэмт хэрэг нь тодорхой шалгуурыг хангасан байхыг шаардана. Шилжүүлэн өгөх хүсэлтэд дурдсан хүнийг шийтгэх шийтгэл нь тодорхой хугацаагаар хүний эрхийг хязгаарлахааргүй байвал ийм этгээдийг ял шийтгүүлэхээр шилжүүлэн өгдөггүй. Уг хүн урьд нь ял шийтгүүлж байгаагүй бол оногдуулах ял шийтгэлийн хамгийн доод хэмжээ нь 1 жил хорих ял байх ба хэрвээ ял шийтгэгдэж байсан бол оногдуулах ялын хэмжээ нь 4 сарын хугацаагаар хорих ял байна. Гэхдээ эдгээр хугацаа хоёр талын болон олон талын гэрээний дагуу өөр өөр байж болно.
4. Зарим орны ЭБША-нд хэрэглэгддэг хувийн яллагааны журмаар эрүүгийн хэрэг үүсгэгдсэн бол ийм хэрэгт мөрдүүлэхээр шилжүүлдэггүй жишиг олон улсын эрүүгийн эрх зүйд тогтсон байдаг. Учир нь хувийн яллагаа нь тухайн орны эрүүгийн хуулиар хамгаалагдсан нийтлэг эрх ашигт тооцдоггүй.
5. Уг этгээдийн үйлдсэн гэмт хэрэг нь гэмт этгээдийг шилжүүлэх нөхцөлийг хангаж байсан ч хэрвээ уг хэрэг нь хүсэлт хүлээн авч буй талын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол уг этгээдийг шилжүүлэн өгөхгүй.
6. Хэрвээ уг хүн нь шилжүүлэх хүсэлтэд дурдсан гэмт хэргийн учир хүсэлт хүлээн авч буй талын хуулиар шийтгэгдсэн бол түүнийг эрүүгийн хариуцлагыг зөвхөн нэг удаа хүлээлгэх зарчмын баримтлан шилжүүлэн өгөхгүй.
Эдгээрээс гадна хүсэлт хүлээн авсан тал нь эрэн сурвалжлагдаж буй хүний талаарх зарим асуудлыг нягтлан тодруулах арга хэмжээ авч дараах тохиолдолд мөн гэмт этгээдийг шилжүүлэхгүй байж болох талтай. Үүнд:

  • Эрх бүхий байгууллага нь тухайн этгээдийн эсрэг явуулж буй байцаан шийтгэх ажиллагааг зогсоосон эсхүл цагаатгах шийдвэр нь шүүхийн эцсийн шийдвэр болж гарсан эсэх;
  • Уг хүний хувьд шүүхийн эцсийн шийдвэр гарч ялаа эдэлсэн эсхүл гэмт этгээдийг шилжүүлэх хүсэлтэд дурдсан гэмт хэрэгт нь өршөөл үзүүлсэн.
  • Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн. Хүсэлт гаргагч ба хүсэлт хүлээн авагч хоёр орны аль алины нь хуулиар хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан;
  • Цаазаар авах ял заналхийлэх эрүүгийн хэрэгт буруутгаж байгаа. Хэрвээ хүсэлт гаргаж буй орны хуулиар цаазаар авах ялтай бол хүсэлт гаргаж буй улс уг хүнийг цаазаар авах ялаар шийтгэхгүй гэсэн хангалттай баталгаа гаргасан тохиолдолд хүсэлт хүлээн авагч тал гэмт этгээдийг шилжүүлнэ. Хүсэлт хүлээн авагч тал нь уг баталгааг хангалттай эсэхийг хянан шийдэх эрхтэй. Үндэсний эрүүгийн хуульдаа цаазаар авах ялтай улс орнууд үүнээсээ болж зарим бэрхшээлтэй тулгардаг.

Нэг улсаас нөгөө улсад шилжүүлж буй хүнийг зөвхөн хүсэлтэд дурдсан хэрэгт нь л мөрдөн байцааж шийтгэнэ. Хүсэлт хүлээн авагч талын зөвшөөрөлгүйгээр гэмт этгээдийг шилжүүлэх хүсэлтэд дурдснаас өөр хэрэгт дараах нөхцөлүүдээс бусад тохиолдолд эрүүгийн ял шийтгэл оногдуулж болохгүй:

  • гэмт хэрэгтэнг шилжүүлэн өгсөн тал зөвшөөрөл олгосон;
  • шилжүүлэгдсэн этгээд боломжтой боловч очсон улс орноосоо 45 хоногийн дотор буцаж гараагүй эсхүл суллагдсны дараа буцаагүй.

Эдгээр тохиолдолд уг этгээдийг шилжүүлэн авах хүсэлтэд дурдаагүй гэмт хэрэгт шийтгэж болно.
Уг хүнийг байгаа улс орон, газар нутаг, хаягийг тогтоосон бол гэмт этгээдийг шилжүүлэн авах хүсэлтийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас дипломат журмаар холбогдох оронд хүргүүлнэ.
Түр хугацаагаар баривчлагдсан гэмт этгээдийг шилжүүлэн авах тухай бичиг баримт ба түүний орчуулгыг эрх бүхий хуулийн байгууллагаас бэлтгэн холбогдох улс руу тогтоосон хугацаанд дипломат шугамаар хүргүүлнэ. Энд дурдаж буй хугацаа нь хоёр талын болон олон талын гэрээгээр янз бүр байж болно.
Хэрвээ тогтоосон хугацаанд гэмт этгээдийг шилжүүлэх тухай бичиг баримтыг ирүүлээгүй бол эрэн сурвалжлагдаж буй хүнийг суллана. Гэхдээ суллагдсан хүнийг дээрх бичиг баримт ирсний дараа дахин баривчилж болно.
Гэмт этгээдийг шилжүүлэх бичиг баримт нь дараах зүйлүүдийг агуулсан байна.

  • Уг хүний үнэн зөв биеийн байцаалт, сэжигтний гадаад оронд байгаа хаяг, үйлдсэн хэргийн тухай дэлгэрэнгүй танилцуулга, шилжүүлэн авах хүсэлт, шилжүүлэн өгөхөөр түр баривчлах хүсэлт.
  • Шилжүүлэн авах гэж байгаа хүний төрсөн он сар өдөр, бүртгэл, фото зураг, боломжтой бол гарын мөрний дардас.
  • Үйлдсэн хэргийн талаархи эрүүгийн хуулийн холбогдох зүйл ба баривчлан цагдан хорих тогтоол

Шилжүүлэн өгөх этгээд даалгавар хүлээн авсан улсын хуулиар өөр хэрэгт ял шийтгэгдэн уг ялаа эдэлж буй тохиолдолд түүнийг ялаа эдэлж дуустал шилжүүлэх асуудлыг хойшлуулна. Хэрэв нэг этгээдийг шилжүүлэн өгөхийг хэд хэдэн улс шаардаж буй бол шаардлага хүлээн авсан улсын эрх бүхий байгууллага аль улсад шилжүүлэн өгөхийг шийдвэрлэнэ. Ингэхдээ иргэний харьяалал, гэмт хэргийг үйлдсэн газар болон үйлдсэн хэргийн нь нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан үзнэ. Шилжүүлэн өгсөн этгээдийг шилжүүлсэн улсын зөвшөөрөлгүйгээр гуравдагч улсад шилжүүлж болохгүй.
Шаардлага хүлээн авсан улс уг этгээдийг шилжүүлэн өгөх газар, хугацааг шаардлага өгсөн талд мэдэгдэнэ. Харин шаардлага өгсөн тал тохиролцон хугацаандаа хүлээн аваагүй бол зохих хугацаа (15-30 хоног) өнгөрөхөд уг этгээдийг суллаж болно.
Орчин үед олонхи улс орнууд гэмт этгээдийг шилжүүлэх хуультай байна. Гэвч манай улсын хувьд ийм хууль одоогоор байхгүй учир Эрүүгийн хуулийн 15 дугаар зүйл болон бусад улс оронтой эрүүгийн хэргийн талаар харилцан туслалцаа үзүүлэх гэрээг үндэслэн Монгол Улсаас гадаад улс оронд гэмт хэрэгтэнг шилжүүлэн өгөх ажиллагааг хэрэгжүүлж байна. Дээр дурдсан Эрүүгийн хуулийн 15 дугаар зүйлд: “15.1 дэх хэсэгт, Монгол Улсын иргэнийг эрүүгийн хэрэгт мөрдүүлэх буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр гадаад улсад шилжүүлэн өгөхгүй . 15.2 дахь хэсэгт, Монгол Улсын хилийн гадна гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаад улсын иргэн, харьяалалгүй хүнийг эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял эдлүүлэхээр Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу гадаад улсад шилжүүлж болно.” гэж заасныг баримтлана.

БҮЛЭГ III. ШҮҮХИЙН БОЛОН БУСАД БАЙГУУЛЛАГЫН
ШИЙДВЭРИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ БА БИЕЛҮҮЛЭХ

    • Шүүхийн шийдвэрийг биелүүлэх ба хүлээн зөвшөөрөх

Нэг улсын шүүхээс гаргасан шүүхийн шийдвэрийн үйлчлэл нь тухайн улсын нутаг дэвсгэрийн хүрээгээр хязгаарлагддаг. Гадаадын шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ба биелүүлэх зөвшөөрлийг тодорхой улсын хууль тогтоомж болон тухайн улсын оролцож буй олон улсын хэлэлцээрээр тодорхойлдог. /2008 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн Улсын Дээд Шүүхийн 9 дүгээр тогтоол/ Гадаадын шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх гэж гадаадын шүүхийн шийдвэр нь тухайн улсын шүүхийн шийдвэртэй ижил түвшинд иргэний болон бусад эрх, үүргийн баталгаа болж байгааг хэлнэ. Зарим тохиолдолд гадаадын шүүхийн шийдвэрийг зөвхөн хүлээн зөвшөөрөх нь хангалттай байдаг (жишээлбэл: гэрлэлт цуцлах). Бусад тохиолдолд шийдвэрийг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ биелүүлэх ёстой, өөрөөр хэлбэл, шийдвэрийг биелүүлэх зөвшөөрлийн тусгай журмыг мөрдөнө. Ийнхүү гадаадын шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх явдал нь түүнийг албадан биелүүлэх ажлын зайлшгүй, урьдчилсан нөхцөл нь болдог, харин албадан биелүүлэхэд шийдвэрийг хүлээн зөвшөөрөхөд тавигддаг шаардлагаас гадна нэмэлт шаардлага тавигддаг.
Улс орнуудын хууль тогтоомжид гадаадын шүүхийн шийдвэрийг биелүүлэх янз бүрийн тогтолцоог тусгасан байдаг. Гадаадын шүүхийн шийдвэрийг биелүүлэх урьдчилсан нөхцөл тухайн 2 улсын дотоодын шүүхийн шийдвэр нь харилцан адил байх явдал юм.
Зарим оронд шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд түүний зөв эсэхийг шалгах, түүнчлэн тухайн шүүхийг харьяалах орны нийтлэг журамд тэрхүү шийдвэр харшлаагүйг тогтоох болон бусад болзлыг хэрэгжүүлэхийг шаарддаг. Бусад оронд экзекватур олгох шаардлагатай байдаг. Экзекватур гэж шүүхээс холбогдох хүсэлтийг хянан үзсэний дараа шийдвэр биелүүлэхийг зөвшөөрсөн тогтоол гаргахыг хэлнэ.
Шүүхийн шийдвэр биелүүлэхийг харилцан хүлээн зөвшөөрдөг оронд гаргасан шүүхийн шийдвэрийг тусгай бүртгэлд бүртгүүлэхийг шаарддаг гуравдахь бүлгийн орнууд байдаг (жишээлбэл: Англид, Дээд шүүхийн иргэний хэргийн шүүхэд бүртгэдэг). Харин бүртгэлийг хэд хэдэн нөхцөл хангасан тохиолдолд хийх боломжтой.
Интеграцчилал, хүн амын шилжилт хөдөлгөөн нь шийдвэр биелүүлэх үүргийг хэд хэдэн нөхцөл (шийдвэр нь хүчин төгөлдөр болсон байх, биелүүлэх орны нийтлэг журамд харшлаагүй байх, хоёр тал шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байх г.м)-ийг биелүүлсэн тохиолдолд хэлэлцэн тохирогч улсуудад ногдуулдаг гадаадын шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай олон талт болон хоёр талт конвенц байгуулахад хүргэж байна.
Гадаадын шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүлээн зөвшөөрөх болон биелүүлэх асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 194 дүгээр зүйлд “Монгол Улсын шүүхийн болон гадаад улсын шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх журам нь Монгол Улсын хууль тогтоомж, гадаад улстай байгуулсан буюу Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээгээр тодорхойлно.” гэж заасан байдаг. Гадаад улсын шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх асуудлыг нарийвчлан зохицуулсан хууль одоогоор манай улсад байхгүй бөгөөд Монгол Улсын олон улсын гэрээ болон олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг шүүхийн практикт хэрэглэх тухай Улсын Дээд шүүхийн 2008 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор зарим зохицуулалтыг зааж өгсөн байна. Тухайлбал, “Гадаад улсын шүүхийн шийдвэр гэдэгт тухайн маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг ойлгоно.”
Харин Гадаадын шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх биелүүлэх тухай конвенцид “Эдийн засгийн маргаан, аж ахуйн болон эдийн засгийн бусад үйл ажиллагаа хэрэгжүүлэхтэй холбоотой хэргээс бусад иргэний хэрэг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг арилгах асуудлаархи шийдвэрийг гадаадын шүүхийн шийдвэр гэнэ” гэж заажээ.
Гадаад улсын шүүхийн даалгаврыг биелүүлэх, гадаад улсад шүүхийн даалгавар явуулах иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүхүүд хэрэгжүүлэхдээ гадаадын тухайн улстай байгуулсан эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх Монгол Улсын хоёр талт олон улсын гэрээ, ийм гэрээ байхгүй бол Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай 1954 оны Конвенцийн зүйл, заалтыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтын хамт баримтална. /ишлэл/
Гадаадын шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхтэй холбоотой нэхэмжлэлд дараахь зүйлийг тусгах шаардлагатай:
- нэхэмжлэгчийн нэр, хэрэв нэхэмжлэлийг төлөөлөгчөөр дамжуулан гаргаж байгаа бол төлөөлөгчийн нэр, тэдний амьдарч буй газар, хэрэв нэхэмжлэгч нь байгууллага бол түүний оршиж буй газар;
- хариуцагчийн нэр, түүний амьдарч буй газар, хэрэв хариуцагч нь байгууллага бол түүний оршиж буй газар;
- шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх зөвшөөрөл олгохыг хүсэх тухай болон шийдвэрийг ямар хугацаанаас эхлэн биелүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа тухай нэхэмжлэгчийн хүсэлт.
Хэргийг үнэн зөв, цаг тухайд нь шалгахад шаардлагатай бол бусад мэдээлэл, тухайлбал, утас, факсын дугаар, электрон шуудангийн хаягийг нэхэмжлэлд мөн тусгаж болно.
Нэхэмжлэлд МУ-ын олон улсын гэрээнд заасан баримтыг хавсаргах бөгөөд хэрэв энэ талаар олон улсын гэрээнд заагаагүй бол дараахь баримтыг хавсаргана:
- шийдвэрийг нь албадан гүйцэтгэхийг зөвшөөрөх тухай гадаадын шүүхийн шийдвэрийн тухайн гадаадын шүүхээс баталгаажуулсан хуулбар;
- хэрэв шийдвэрийн эх бичвэрт энэ тухай заагаагүй бол уг шийдвэр хүчин төгөлдөр болсныг нотолсон албан ёсны баримт бичиг;
- хэрэв өмнө нь холбогдох гадаад улсын нутаг дэвсгэр дээр шийдвэрийг биелүүлэх арга хэмжээ авсан бол түүнийг нотлох баримт бичиг;
- хэргийг шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй бөгөөд шүүхийн шийдвэр түүний эсрэг гарсан этгээдэд хэргийг хянан хэлэлцэх хугацаа, газрын тухай зохих журмын дагуу мэдэгдсэнийг нотлох баримт бичиг;
- баримт бичгийн баталгаажуулсан орчуулга.
Хэргийг үнэн зөв, цаг тухайд нь шалгахад шаардлагатай бол бусад мэдээлэл, тухайлбал, утас, факсын дугаар, электрон шуудангийн хаягийг нэхэмжлэлд мөн тусгаж болно.
Гадаадын шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх асуудлаарх нэхэмжлэлийг шүүхэд хянан хэлэлцэх хугацаа, газрыг хариуцагчид мэдэгдсэний үндсэн дээр нээлттэй шүүх хуралдаанаар хэлэлцэнэ. Хэлэлцэх асуудлын талаархи мэдэгдлийг хариуцагчид гардуулж өгсөн болох нь шүүхэд тодорхой байгаа боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хариуцагч ирээгүй явдал нь нэхэмжлэлийг хэлэлцэхэд саад болохгүй. Хэрэв хариуцагч нэхэмжлэлийг хэлэлцэх хугацааг хойшлуулж өгөх хүсэлт шүүхэд гаргасан бөгөөд шүүх уг хүсэлтийг хүндэтгэн үзэхийг хүлээн зөвшөөрсөн бол шүүх хэлэлцэх хугацааг хойшлуулж, энэ тухай хариуцагчид мэдэгдэнэ.
Шүүх хариуцагчийн тайлбарыг сонсож, цугларсан нотлох баримтыг хянан үзсэний эцэст гадаадын шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх эсхүл албадан биелүүлэхээс татгалзах шийдвэр гаргана.
Гадаадын шүүхийн шийдвэр болон уг шийдвэрийг албадан биелүүлэх тухай хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх хуудас бичиж, түүнийг гадаадын шүүхийн шийдвэрийг биелүүлэх газрын шүүхэд илгээнэ. Хэрэв шийдвэрийг албадан биелүүлэх асуудлыг шийдвэрлэх явцад шүүхэд эргэлзээ төрвөл шүүх гадаадын шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай нэхэмжлэл гаргасан этгээдээс тайлбар авах, түүнчлэн нэхэмжлэлийн агуулгын талаар хариуцагчаас тайлбар авч болох бөгөөд шаардлагатай тохиолдолд шийдвэр гаргасан гадаадын шүүхээс тайлбар өгөхийг шаардаж болно.
Гадаадын шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх асуудал нь тодорхой онцлогтой байдаг. Зарим тохиолдолд нэг улсын шүүхийн шийдвэрийг нөгөө улсын нутаг дэвсгэр дээр хүлээн зөвшөөрөх нь түүнийг албадан биелүүлэхэд зайлшгүй шаардлагатай урьдчилсан нөхцөл болдог. Мөн хүлээн зөвшөөрөх нь бие даасан шинжийг агуулдаг. Монгол Улсад гадаадын шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх гэж гадаадын шүүхийн шийдвэр монголын шүүхийн шийдвэрийн нэгэн адил хуулийн хүчин төгөлдөр гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хэлнэ. Ийм учраас гадаадын шүүхээс Монгол Улсад хүлээн зөвшөөрвөл зохих шийдвэр гаргах нь тухайн асуудлаар тухайн талуудын хооронд ижил үндэслэлээр үүссэн маргааны талаар гаргасан нэхэмжлэлийн өргөдлийг Монгол Улсад авахаас татгалзах эсхүл тийм хэрэг хэлэлцэх ажиллагааг зогсоох үндэслэл болно. Албадан гүйцэтгүүлэх шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон, шийдвэрийн үнэн зөв байдал нь түүнийг гаргасан шүүхээр баталгаажсан, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг тухайн шүүх зөвшөөрөн дэмжиж байгаа, шийдвэрийн эх албан ёсоор орчуулагдсан, зохих журмын дагуу ирүүлсэн байх шаардлагатай.
Гадаад улсын шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэснээр, эсхүл гадаад улсын шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй буюу хүчин төгөлдөр болсон эсэх нь тодорхой бус, зэрэг нөхцөл байдал тогтоогдвол гадаад улсын шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэх тухай сонирхогч этгээдийн хүсэлтийг шүүх хангахаас татгалзаж, энэ талаарх үндэслэлийг шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд тодорхой заана.
Дараахь тохиолдолд гадаадын шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхээс татгалзаж болно:
- зохигчдын хоорондох тухайн маргааныг Монгол Улсын шүүх хянан шийдвэрлэж, шүүхийн хүчин төгөлдөр өөр шийдвэр гарсан, эсхүл иргэний хэрэг үүсгэгдэн, хянан хэлэлцэгдэж байгаа,
- шийдвэр нь нутаг дэвсгэр дээр нь гаргасан улсын хуулийн дагуу хүчин төгөлдөр болоогүй эсхүл хүчин төгөлдөр болсон эсэх нь тодорхойгүй,
- шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх талаар шаардлага тавих хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бөгөөд энэ хугацаа сэргээгдээгүй
- хэрэг хянан хэлэлцэх асуудал нь МУ-ын шүүхийн онцгой эрх хэмжээнд хамаарч байгаа;
- шүүхийн шийдвэрийг биелүүлэх нь Монгол Улсын тусгаар тогтнолд харшилж болох эсхүл Монгол Улсын аюулгүй байдалд занал учруулж байгаа эсхүл Монгол Улсын бүх нийтээр дагаж мөрдөх дэг журамд харшилж байгаа ;
- албадан биелүүлэх шийдвэрийг хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан бөгөөд уг хугацааг Монгол Улсын шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр сэргээгээгүй.
- хуульд заасан бусад тохиолдол.

Гэр бүл цуцлах тухай гадаадын шүүхийн шийдвэрийг гаргахдаа холбогдох гадаад улсын гэр бүл цуцлах шийдвэр гаргах эрх бүхий байгууллагын бүрэн эрхийн тухай болон гэр бүл цуцлахад хэрэглэвэл зохих хууль тогтоомжийг мөрдөж гаргасан бол МУ-ын Гэр бүлийн тухай хуулийн 14.10 дахь хэсэгт зааснаар МУ-ын иргэн болон гадаадын иргэний хоорондын гэр бүлийг цуцлах тухай гадаадын шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрнө. Ийм төрлийн гадаадын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх явдал нь олон улсын гэрээ байгаа эсэхээс үл хамаарах бөгөөд харилцан адил байхыг шаардахгүй.

Арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ба биелүүлэх
Гадаадын арбитр буюу арбитрын шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай хүсэлтийг Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай 1958 оны Конвенцийн зүйл, заалтын дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар бүлэгт зааснаар шүүхүүд шийдвэрлэнэ.
Нэхэмжлэгчийн хувьд эх орны буюу гадаадын хуулийн этгээдийн аль алины тухай яригдаж байгаагаас үл хамааран улсын бус, хөндлөнгийн шүүхэд хандах нь зөвхөн арбитрын байрлаж буй оронд ч, аливаа өөр улсад ч тийм шийдвэрийг албадан хэрэгжүүлэх явдлыг хангахад ач холбогдолтой. Хариуцагч шийдвэрийг сайн дураараа биелүүлж болох буюу маргааныг хянан хэлэлцэх явцад эвийн хэлэлцээр байгуулж болох нь мэдээж. Гэхдээ эвийн хэлэлцээрт хүрч чадаагүй тохиолдолд арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх болон гүйцэтгэх асуудал ихээхэн чухал байдаг. Энэ асуудлыг олон улсын хэлэлцээр, дотоодын хууль тогтоомжийн аль алинаар нь зохицуулдаг.
Гадаадын арбитрын шийдвэрийн хувьд Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх болон гүйцэтгэх тухай Нью-Йоркийн 1958 оны конвенц үйлчилнэ.
Конвенцийн 1 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсгийн дагуу түүнийг «хувь болон хуулийн этгээд байж болох талуудын хоорондын маргааны талаар тухайн шийдвэрийг гүйцэтгэхийг хүсэж байгаа улсаас өөр улсад» гаргасан арбитрын шийдвэрт хэрэглэнэ. Конвенцийг түүнчлэн, «арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх болон гүйцэтгэхийг хүсэх гэж байгаа улсын дотоодын шийдвэрт тооцогдохгүй» арбитрын шийдвэрт хэрэглэнэ. Арбитрын шийдвэр гэж түр болон байнгын ажиллагаатай арбитрын байгууллагын шийдвэрийг хэлнэ. Конвенц аливаа улсын дотоодын шүүхийн тогтолцоонд ордог улсын арбитрын болон бусад шүүхийн (аж ахуйн, эдийн засгийн худалдааны) шийдвэрийг хүлээн зөвшөөрөх болон гүйцэтгэхэд үйлчлэхгүй.
Конвенцийн оролцогч улс бүр арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх болон гүйцэтгэх хүсэлтийг хүлээн авч байгаа улсын эрүүгийн байцаан шийтгэх хэм хэмжээний дагуу заавал биелүүлэх арбитрын шийдвэр хэмээн хүлээн зөвшөөрч, гүйцэтгэнэ. Конвенцийг хэрэглэж байгаа арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх болон гүйцэтгэхдээ дотоодын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх болон гүйцэтгэхэд хэрэглэдэгээс илүү хатуу нөхцөл хэрэглэх буюу өндөр татвар хураамж авах ёсгүй (3 дугаар зүйл).
Нью-Йоркийн конвенц гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх болон гүйцэтгэхээс татгалзах хязгаарлагдмал үндэслэлийн жагсаалт тогтоосон. Жагсаалтад татгалзах хоёр бүлэг үндэслэл орсон: 1) зөвхөн өөрийнх нь эсрэг шийдвэр маргааны талын хүсэлтээр шүүхээс хэрэглэх, 2) шүүх өөрийн санаачлагаар ex officio хэрэглэх.
Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх болон гүйцэтгэх үндэслэлийн эхний бүлгийн хувьд хэрэв сонирхогч тал холбогдох улсын эрх бүхий байгууллагад дараахь нотолгоо гаргавал:
- арбитрын хэлэлцээрийн тал нь түүний хувьд хэрэглэх хуулийн дагуу эрх зүйн чадамжгүй бол,
- арбитрын хэлэлцээр талуудын тухайн хэлэлцээрийг хамруулахаар тохиролцсон, хэрэв тийм заалт байхгүй бол энэхүү шийдвэрийг гаргасан улсын хуулийн дагуу хүчингүй бол, өөрийнх нь эсрэг шийдвэр гарсан тал арбитрч томилсон буюу арбитраар хянан хэлэлцэх тухай мэдээллийг зохих ёсоор хүлээж аваагүй буюу бусад шалтгаанаар өөрийн тайлбарыг хийж чадаагүй бол,
- шийдвэр арбитрын хэлэлцээрт тусгагдаагүй маргааны талаар гарсан,
- арбитрын бүрэлдэхүүн буюу арбитрын ажиллагаа талуудын тохиролцоо буюу арбитрын ажиллагаа явагдсан улсын хуульд нийцээгүй бол,
- шийдвэр талуудын хувьд хараахан эцсийнх болоогүй буюу шийдвэр гаргасан буюу хуулийг нь хэрэглэх улсын эрх бүхий байгууллага өөрчилсөн буюу үйлчлэлийг нь зогсоосон бол (Гадаад худалдааны арбитрын тухай Европын 1961 оны конвенцийн оролцогч бусад улсын хувьд энэ нь Европын конвенцийн 9 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсэгт заасан цөөхөн тохиолдол), Арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх болон гүйцэтгэхээс татгалзах үндэслэлийн хоёр дахь бүлэгт хүлээн зөвшөөрөх болон гүйцэтгэх тухай тухайн хүсэлтийг хүлээн авагч улсын эрх бүхий байгууллага:
- тухайн улсын хуулиар маргааны объект нь арбитраар хянан хэлэлцэж болох асуудал биш байх, Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх болон гүйцэтгэх нь тухайн улсын нийтийн дэг журамд харшилж байгаа гэдгийг тогтоосон бол (Нью-Йоркийн конвенцийн 5 дугаар зүйл).

 

 

Peace treaty with the Hittites.үз: http://en.wikipedia.org/wiki/Ramesses_II

Эхлээд консул нь өргөмжит шинжтэй байсан бөгөөд худалдаачид энэхүү үүргийг гүйцэтгэж байсан бол XV-XVII зуунд энэ албыг тухайн улсын Засгийн газраас албан ёсоор томилогдсон түшмэлүүд энэ үүргийг гүйцэтгэж, хилийн чанад дахь өөрийн орны иргэдийн худалдааны болон бусад эрх ашгийг хамгаалах үүрэгтэйгээр томилогддог болжээ.

Энэ нь олон улсын эрүүгийн шүүхэд өөрийн орны иргэнийг хүлээлгэн өгөхөөс бусад тохиолдолд.

Хүн барьцаалахтай тэмцэх НҮБ-ын Конвенци. Монгол Улсын 1979 онд нэгдэн орсон.

Эл заалт Монгол Улсын Үндсэн хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт үндэслэгдсэн.

Geree-banner

Banner-GemtHeregHuuli3

ZG-ActionPlan2012



Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module