Хууль зүй дотоод хэргийн яам

A+ R A-

Notice: Undefined variable: this in /homed/mojgov/public_html/libraries/joomla/filter/filterinput.php on line 186

Notice: Undefined variable: this in /homed/mojgov/public_html/libraries/joomla/filter/filterinput.php on line 186

Notice: Undefined variable: this in /homed/mojgov/public_html/libraries/joomla/filter/filterinput.php on line 186

Notice: Undefined variable: this in /homed/mojgov/public_html/libraries/joomla/filter/filterinput.php on line 186

ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ СЭЖИГТЭН, ШҮҮГДЭГЧИД ҮЗҮҮЛЭХ ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ

Төсөл
2013-01-10

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны ... дугаар сарын .. .-ны өдөр
Улаанбаатар хот

ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ СЭЖИГТЭН, ШҮҮГДЭГЧИД ҮЗҮҮЛЭХ
ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь төлбөрийн чадваргүй сэжигтэн, шүүгдэгчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах, төрөөс хууль зүйн туслалцаа үзүүлэх тогтолцоо, зохион байгуулалт, эрх зүйн үндсийг тогтооход оршино.

2 дугаар зүйл. Төлбөрийн чадваргүй сэжигтэн, шүүгдэгчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль тогтоомж

2.1. Төлбөрийн чадваргүй сэжигтэн, шүүгдэгчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёо

3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1. “төлбөрийн чадваргүй сэжигтэн, шүүгдэгчид үзүүлэх хууль зүйн туслалцаа” (цаашид “хууль зүйн туслалцаа” гэх) гэж төлбөрийн чадваргүй сэжигтэн, шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хэрэгжүүлэх зорилгоор улсын өмгөөлөгчөөс үзүүлж буй хууль зүйн зөвлөгөө болон өмгөөллийн үйлчилгээг;
3.1.2. “төлбөрийн чадваргүй сэжигтэн, шүүгдэгчид хууль зүйн зөвлөгөө өгөх” гэж эрх зүйн асуудлаар амаар болон бичгээр лавлагаа, мэдээлэл өгөх, хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх зохиож туслахыг;
3.1.3. “төлбөрийн чадваргүй сэжигтэн, шүүгдэгчид өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх” гэдэгт эрүүгийн хэрэгт холбогдсон төлбөрийн чадваргүй сэжигтэн, шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар мөрдөх ажиллагаа болон эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэхэд өмгөөлөгчөөр оролцохыг;
3.1.4. “улсын өмгөөлөгч” гэж төлбөрийн чадваргүй сэжигтэн, шүүгдэгчид хууль зүйн туслалцаа үзүүлэх үндсэн үүрэг бүхий, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн, Хууль зүйн туслалцааны төвийн хуульчийг;
3.1.5. “төлбөрийн чадваргүй сэжигтэн, шүүгдэгч” гэж энэ хуулийн 7.1-д заасан этгээдийг;
3.1.6. “хууль зүйн туслалцааны төв” /цаашид “Төв” гэх/ гэж төлбөрийн чадваргүй сэжигтэн, шүүгдэгчид хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий төрийн байгууллагыг.

4 дүгээр зүйл. Төлбөрийн чадваргүй сэжигтэн, шүүгдэгчид үзүүлэх хууль зүйн туслалцааны зарчим

4.1. Төлбөрийн чадваргүй сэжигтэн, шүүгдэгчид хууль зүйн туслалцаа үзүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зарчмаас гадна дараахь зарчмыг баримтална:

4.1.1. хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх;
4.1.2. ялгаварлан гадуурхахгүй байх;
4.1.3. шуурхай, бүрэн тууштай байх;
4.1.4. нууцыг чандлан хадгалах;
4.1.5. төрөөс санхүүждэг байх.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Хууль зүйн туслалцаа

5 дугаар зүйл. Төлбөрийн чадваргүй сэжигтэн, шүүгдэгчид үзүүлэх хууль зүйн туслалцааны төрөл

5.1. Төлбөрийн чадваргүй сэжигтэн, шүүгдэгчид үзүүлэх хууль зүйн туслалцаа нь дараахь төрөлтэй байна:

5.1.1. хууль зүйн зөвлөгөө өгөх;
5.1.2. өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх.

6 дугаар зүйл. Хууль зүйн туслалцаа авах эрх бүхий этгээд

6.1. Хууль зүйн туслалцаа авах эрх бүхий этгээд /цаашид “үйлчлүүлэгч” гэх/ нь төлбөрийн чадваргүй сэжигтэн, шүүгдэгч байна.

7 дугаар зүйл. Сэжигтэн, шүүгдэгчийн төлбөрийн чадваргүй байдлыг тодорхойлох
7.1. Төлбөрийн чадваргүй сэжигтэн, шүүгдэгчид эрүүгийн хэрэгт холбогдсон дараахь этгээд хамаарна:

Үндэсний статистикийн хороо, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран баталсан аргачлалын дагуу өрхийн мэдээллийн нэгдсэн санд орсон, амьжиргааны түвшин нь тухайн үеийн ядуурлын шугамаас доогуур өрхийн гишүүн ;

энэ хуулийн 7.1.1-д заасан нэгдсэн санд бүртгэлгүй боловч ядуурлын шугамаас доогуур орлоготой болохоо тодорхойлсон иргэн;

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан онцгой болон хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхэд.

7.2. Энэ хуулийн 7.1.2-т заасан иргэн нь төлбөрийн чадваргүй болохоо өөрөө тодорхойлно.

7.3. Улсын өмгөөлөгч нь хууль зүйн туслалцаа авахыг хүссэн үйлчлүүлэгчид төлбөрийн чадваргүй болохоо худал тодорхойлсон тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг урьдчилан бичгээр сануулна.

7.4. Энэ хуулийн 7.1-д заасан үйлчлүүлэгчийн төлбөрийн чадваргүй болохоо тодорхойлох өргөдлийн загварыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

7.5. Улсын өмгөөлөгч хууль зүйн туслалцаа үзүүлэх явцад үйлчлүүлэгчийн төлбөрийн чадваргүй эсэхэд эргэлзээ төрвөл төлбөрийн чадваргүй болохоо тодорхойлсон өргөдөлд заасан нөхцлийг шалгаж, хэрэв төлбөрийн чадвартай болох нь тогтоогдвол хууль зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзах шийдвэрийг бичгээр гаргаж, хувийг үйлчлүүлэгчид өгнө.

7.6. Энэ хуулийн 7.5-д заасан хууль зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзсан шийдвэр гаргахтай холбоотой харилцааг Төвийн дүрмээр зохицуулна.

7.7. Улсын өмгөөлөгч нь төлбөрийн чадваргүй болохоо тодорхойлох өргөдлийн мэдээллийг шалгах зорилгоор холбогдох байгууллага, албан тушаалтнаас лавлагаа авах эрхтэй бөгөөд холбогдох байгууллага, албан тушаалтан нь энэ хуулийн 7.1.1, 7.1.3-т заасан асуудлаар лавлагаа, мэдээллийг даруй, үнэ төлбөргүй гаргаж өгөх үүрэгтэй.

8 дугаар зүйл. Үйлчлүүлэгчийн эрх, үүрэг

8.1. Үйлчлүүлэгч нь дараахь эрх эдэлнэ.

8.1.1. Хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй авах;
8.1.2. Улсын өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийн талаар Төвд, өмгөөллийн үйлчилгээний талаар Хуульчдын холбоонд, Төвийн шийдвэр, үйл ажиллагааны талаар хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус гомдол гаргаж, шийдвэрлүүлэх.

8.2. Үйлчлүүлэгч нь төлбөрийн чадваргүй болохоо үнэн зөв тодорхойлох үүрэгтэй.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Төлбөрийн чадваргүй сэжигтэн, шүүгдэгчид хууль зүйн
туслалцаа үзүүлэх тогтолцоо

9 дүгээр зүйл. Хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг

9.1. Хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага төлбөрийн чадваргүй сэжигтэн, шүүгдэгчид үзүүлэх хууль зүйн туслалцааны талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

  1. Төвийг нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавих;
  2. төлбөрийн чадваргүй сэжигтэн, шүүгдэгчид хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, боловсронгуй болгох санал боловсруулах;
  3. төлбөрийн чадваргүй сэжигтэн, шүүгдэгчид хууль зүйн туслалцаа үзүүлэх асуудлаар төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
  4. төлбөрийн чадваргүй сэжигтэн, шүүгдэгчид үзүүлэх хууль зүйн туслалцааны хууль тогтоомж, дүрэм, журмын биелэлтийг хангуулах;
  5. хууль тогтоомжид заасан бусад.

10 дугаар зүйл. Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх

10.1. Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн төлбөрийн чадваргүй сэжигтэн, шүүгдэгчид үзүүлэх хууль зүйн туслалцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.1.1. Төвийн ажлын албаны бүтэц, орон тоог санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран тогтоох;
10.1.2. Төвийн захирлыг томилж, чөлөөлөх, халах;
10.1.3. Төвийн саналыг үндэслэн салбарын байршил, бүтэц, тоо, тухайн салбарт ажиллах улсын өмгөөлөгчийн орон тоог тогтоох, салбарыг шинээр байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран шийдвэрлэх;

10.1.4. үйлчлүүлэгчтэй болон хувийн өмгөөлөгчтэй байгуулах гэрээний загвар, хууль зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзах шийдвэрийн загварыг тус тус батлах;

10.1.5. салбарт ажиллах улсын өмгөөлөгчийн албан тушаалын ангилал, цалин хөлсийг тогтоох;

10.1.6. үйлчлүүлэгчид үзүүлэх хууль зүйн туслалцааны чанар, үр нөлөөг тооцоолох, үнэлэх үйл ажиллагаа, шалгуур үзүүлэлтийг батлах;

10.1.7. Төвийн дүрэм, хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаанд дагаж мөрдөх бусад дүрэм, журмыг батлах;

10.1.8. хууль тогтоомжид заасан бусад.

10.2. Төвийн дүрэмд дараахь зүйлийг тусгана:

  1. Төв, түүний ажлын алба, салбарын эрх, үүрэг;
  2. Захирал, салбарыг ахлах улсын өмгөөлөгчийн захиргааны чиг үүрэг;
  3. Улсын өмгөөлөгчийг шалгаруулах ажлын зохион байгуулалт;
  4. ажлын байрны нөхцөл, стандарт;
  5. энэ хуульд заасан бусад зүйл.

11 дүгээр зүйл. Хууль зүйн туслалцааны төвийн удирдлага, зохион байгуулалт

11.1.Хууль зүйн туслалцааны төв нь хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын харьяанд байна.
11.2.Төв нь ажлын алба, салбараас бүрдэнэ.
11.3.Төвийн ажлын алба нь хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.
11.4. Төвийн салбар нь энэ хуулийн 5.1-д заасан хууль зүйн туслалцааг үйлчлүүлэгчид үзүүлнэ.
11.5.Салбарт улсын өмгөөлөгч ажиллана.
11.6.Улсын өмгөөлөгч нь ажил үүргийн болон хуульчийн мэргэжлийн өөрөө удирдах ёсны зарчмаар зохион байгуулагдан ажиллана.
11.7.Төв нь тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

12 дугаар зүйл. Ажлын алба, түүний чиг үүрэг

12.1. Ажлын алба нь дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
12.1.1. тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа хүн амын тоо, гэмт хэргийн гаралт, төлбөрийн чадваргүй иргэдийн эзлэх хувь, улсын өмгөөлөгчийн ажлын ачаалал зэргийг харгалзан төвийн салбарт ажиллах улсын өмгөөлөгчийн тоог тогтоох, шинэчлэн тогтоох, Хууль зүйн туслалцааны төвийн салбар байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах эсэх асуудлаар санал боловсруулах;
12.1.2. улсын өмгөөлөгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах;
12.1.3. улсын өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэл хөтлөх, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах;
12.1.4. улсын өмгөөлөгчийн хуульчийн үргэлжилсэн сургалтыг холбогдох байгууллага, эрх бүхий этгээдтэй хамтран зохион байгуулах;
12.1.5. салбар байгуулагдаагүй нутаг дэвсгэрт төлбөрийн чадваргүй сэжигтэн, шүүгдэгчид хууль зүйн туслалцаа үзүүлэх ажлыг эрх бүхий байгууллагатай хамтран зохион байгуулах;
12.1.6. нийслэлээс бусад газарт байрлаж байгаа салбарын нүүдэллэн ажиллах ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах;
12.1.7.төлбөрийн чадваргүй сэжигтэн, шүүгдэгчид үзүүлэх хууль зүйн туслалцааны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах;
12.1.8. төлбөрийн чадваргүй сэжигтэн, шүүгдэгчид үзүүлэх хууль зүйн туслалцааны чанар, үр нөлөөг тооцоолох, үнэлэх үйл ажиллагаа, шалгуур үзүүлэлтийг хэрэгжүүлэх;
12.1.9. өргөдөл, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх.

12.2. Ажлын албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан нь төрийн захиргааны албан хаагч байна.

12.3. Төвийн ажлын албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтны албан тушаалын ангилал, зэрэглэлийг Засгийн газар тогтооно.

13.дугаар зүйл. Хууль зүйн туслалцааны төвийн захирлын чиг үүрэг

13.1. Захирал нь энэ хууль болон төвийн дүрмээр олгогдсон эрх хэмжээний дотор төвийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.

13.2. Захирал нь багшлах, эрдэм шинжилгээнийхээс бусад ажил, албан тушаалыг хавсран гүйцэтгэхийг хориглоно.

13.3. Төвийн захирал нь Ажлын албаны дарга байна.

13.4. Захирал нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

  1. Төвийн дүрмийг боловсронгуй болгох санал боловсруулж, шийдвэрлүүлэх;
  2. салбарын үйл ажиллагаанд хяналт тавьж, чиглэл өгөх;
  3. Төвийн үйл ажиллагааг сайжруулахтай холбогдсон шаардлагатай арга хэмжээний талаархи саналаа хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулж, шийдвэрлүүлэх;
  4. улсын өмгөөлөгчийн цалин хөлсний талаар санал боловсруулж, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулах;
  5. төлбөрийн чадваргүй сэжигтэн, шүүгдэгчид үзүүлэх хууль зүйн туслалцааны үйл ажиллагааг хэвийн явуулахтай холбоотой гэрээ байгуулах шийдвэр гаргах;
  6. төв, түүний салбарын үйл ажиллагааны тайлан мэдээг улсын хэмжээнд нэгтгэн гаргах, хуулийн дагуу мэдээлэх, нийтэд ил тод хүргэх;
  7. төлбөрийн чадваргүй сэжигтэн, шүүгдэгчид үзүүлэх хууль зүйн туслалцааны статистик мэдээг гарган түүнд дүн шинжилгээ хийх;
  8. улсын өмгөөлөгч, ажлын албаны ажилтнуудыг томилох, чөлөөлөх, халах;
  9. Төвийн салбарыг ахлах улсын өмгөөлөгчийг ажлын туршлага, мэдлэг, ур чадварыг нь харгалзан томилох, чөлөөлөх, халах;
  10. хувийн өмгөөлөгчийн зардал, тайлангийн загварыг батлах;
  11. улсын өмгөөлөгчийн энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан үндэслэлээр хууль зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзсан шийдвэрийг хянах, энэ талаархи гомдлыг хүлээн авч шийдвэрлэх;
  12. улсын өмгөөлөгчийн тухайн нутаг дэвсгэртээ нүүдэллэн ажиллах хуваарь, удирдамжийг салбарын саналыг харгалзан батлах;
  13. хууль тогтоомжид заасан бусад.

14 дүгээр зүйл. Хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг тайлагнах хэлбэр

14.1. Төв нь санхүүгийн болон үйл ажиллагааны улирал, хагас жил, бүтэн жилийн тайланг батлагдсан маягтын дагуу, тогтоосон хугацаанд гаргаж, хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

15 дугаар зүйл. Хориглох зүйл

15.1. Төвийн захирал болон салбарыг ахлах улсын өмгөөлөгч нь дотоод зохион байгуулалтын шинжтэй үйл ажиллагаанаас бусад асуудлаар улсын өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хориглоно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Улсын өмгөөлөгч, түүний чиг үүрэг, баталгаа, үйл ажиллагаа

16 дугаар зүйл. Улсын өмгөөлөгч, түүнийг шалгаруулах

16.1. Улсын өмгөөлөгч гэж энэ хуулийн 3.1.4-т заасан хуульчийг хэлнэ.

16.2. Улсын өмгөөлөгч нь Төвийн салбарт ажиллах хуульч байх бөгөөд Төлбөрийн чадваргүй сэжигтэн, шүүгдэгчид хууль зүйн туслалцаа үзүүлэх ажлыг хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр гүйцэтгэнэ.

16.3. Төвийн ажлын алба нь улсын өмгөөлөгчийг шалгаруулах ажлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулна.

17 дугаар зүйл. Улсын өмгөөлөгчийн чиг үүрэг, үйл ажиллагаанд хориглох зүйл

17.1. Улсын өмгөөлөгч нь дараахь чиг үүрэгтэй:

  1. хууль зүйн туслалцааг үйлчлүүлэгчид үнэ төлбөргүй үзүүлэх;
  2. үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн тууштай хамгаалах;
  3. энэ хуулийн 7.4-т заасан өргөдлийг хүлээн авч, холбогдох маягт, бүртгэлийг хөтлөх;
  4. хуульд заасан бусад.

17.2. Улсын өмгөөлөгчийн үйл ажиллагаанд дараахь зүйлсийг хориглоно:

17.2.1. энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хууль зүйн туслалцаа үзүүлэх;

  1. энэ хуульд зааснаас өөр этгээдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх;
  2. багшлах, эрдэм шинжилгээний болон Хуульчдын холбоонд хамаарахаас бусад ажил, албан тушаалыг хавсран эрхлэх;
  3. хууль зүйн туслалцааг төлбөртэй үзүүлэх;
  4. энэ хуулийн 7.7-д заасан мэдээллийг өөр зорилгоор ашиглах.

17.3. Улсын өмгөөлөгч нь мэргэжлийн үйл ажиллагаагаа Хуульчийн мэргэжлийн дүрэмд нийцүүлэн явуулна.

18 дугаар зүйл. Улсын өмгөөлөгчийн ажиллах нөхцөл, баталгаа

18.1. Улсын өмгөөлөгч нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан өмгөөллийн үйлчилгээний баталгаанаас гадна дараахь баталгаагаар хангагдана:

18.1.1.хуульчийн үргэлжилсэн сургалтад хамрагдах нөхцөлөөр хангагдах;
18.1.2.өмгөөлөгчийн чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангагдах;
18.1.3.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулсны төлөө захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх.

18.2. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11.1.2-т заасны дагуу туслахтай байж болно.

ТАВДУГААР БҮЛЭГ

Хувийн өмгөөлөгчийг оролцуулах

19 дүгээр зүйл. Хувийн өмгөөлөгчийг оролцуулах нөхцөл

19.1. Хувийн өмгөөлөгчийг дараахь нөхцөлд төлбөрийн чадваргүй сэжигтэн, шүүгдэгчийн өмгөөлөгчөөр ажиллуулна:

19.1.1. улсын өмгөөлөгчид нь үйлчлүүлэгчтэй ашиг сонирхлын зөрчилтэй бол;
19.1.2. нэг эрүүгийн хэрэгт харилцан эсрэг сонирхолтой 2 ба түүнээс дээш үйлчлүүлэгч хууль зүйн туслалцаа авах өргөдөл гаргасан бол;
19.1.3. үйлчлүүлэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу улсын өмгөөлөгчдөөс татгалзсан бол;
19.1.4. тухайн нутаг дэвсгэрт салбар байхгүй бол.

19.2. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 45.1.11-д заасан Хуульчдын холбооны чиг үүргийг хувийн өмгөөлөгчийн төлбөрийн чадваргүй сэжигтэн, шүүгдэгчид хууль зүйн туслалцаа үзүүлэхтэй уялдуулан зохицуулна.

19.3. Төв нь хувийн өмгөөлөгчийг ажлуулахдаа төлбөрийн чадваргүй сэжигтэн, шүүгдэгчид өмгөөллийн үйлчилгээг сайн дурын үндсэн дээр үзүүлэх хувийн өмгөөлөгчдөөс, байхгүй тохиолдолд тухайн нутаг дэвсгэрт өмгөөллийн үйлчилгээ явуулж буй өмгөөлөгчдөөс оролцуулна.

19.4. Хувийн өмгөөлөгчийг ажиллуулах нөхцөл бий болсон тохиолдолд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулна.

19.5. Хувийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний зардлын жишгийг хууль зүйн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран тогтооно.

19.6. Энэ хуулийн 19.5-д заасан жишгийг тогтоохдоо Төвд ажиллаж буй улсын өмгөөлөгчийн зардлын жишгээр тогтооно.

20 дугаар зүйл. Төлбөрийг гүйцэтгэх, түүний санхүүжилтийн хэлбэр

20.1. Энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу гэрээгээр өмгөөллийн үйл ажиллагаа явуулсан хувийн өмгөөлөгч нь холбогдох стандартын дагуу хэргийн материалыг бүрдүүлж, өмгөөллийн үйлчилгээний тайланг батлагдсан маягтын дагуу гаргаж, тогтоосон хугацаанд салбарт ирүүлнэ.

20.2. Энэ хуулийн 20.1-д заасан материалтай тухайн салбарыг ахлах улсын өмгөөлөгч танилцаж гэрээний гүйцэтгэлийг дүгнэж, энэ нь төлбөр гүйцэтгэх үндэслэл болно.

20.3. Хувийн өмгөөлөгчийн өмгөөллийн хөлсийг энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасан эх үүсвэрээс санхүүжүүлнэ.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ

Санхүүжилт

21 дүгээр зүйл. Санхүүжилтийн эх үүсвэр

21.1. Төлбөрийн чадваргүй сэжигтэн, шүүгдэгчид хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

21.2. Төлбөрийн чадваргүй сэжигтэн, шүүгдэгчид хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаанд гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн буцалтгүй тусламж, хандиваар нэмэлт санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгож болно.

ДОЛДУГААР БҮЛЭГ

Бусад зүйл

22 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

22.1.Энэ хуулийн 8.2-т заасныг зөрчсөн иргэнийг 10000-50000 төгрөгөөр шүүгч торгоно.

22.2. Энэ хуулийн 17.2-т заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан улсын өмгөөлөгчийг ажлаас халах хүртэл арга хэмжээ авах бөгөөд улсын өмгөөлөгчийн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчилтэй холбогдох аливаа үйлдэл, эс үйлдэхүйг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу Мэргэжлийн хариуцлагын хороонд мэдэгдэнэ.

23 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

23.1. Энэ хууль 2013 оны ... дугаар сарын ...-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

ГАРЫН ҮСЭГ

Geree-banner

Banner-GemtHeregHuuli3

ZG-ActionPlan2012



Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module